Time.mn сайт энэ удаа “Оюут”брэндийг
үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Б.Оюунцэцэгийг танилцуулж байна.
—————————————————————————-
-Та өөрийгөө танилцуулаач.
-Би “Их засаг” олон улсын их сургуульд 2009 онд элсэн, 2013 онд олон улсын худалдаа-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо АНУ-ын Лос-Анжелес хотод бизнесийн удирдлага, менежмэнтийн чиглэлээр суралцаж байна. Бизнес, маркетингийн салбарт 13 жил ажилласан. 2011 оноос “Залуусын сонголт” нэртэй дэлгүүрээ нээн, БНХАУ-аас импортын бараа оруулж ирэн, 2020 он хүртэл тасралтгүй ажиллуулсан. 2020 онд өөрийн нэрийн брэнд болох “Оюут” нэртэй үндэсний үйлдвэрлэлийг эхлүүлэн, одоо хүртэл эх орондоо борлуулахын зэрэгцээ гадаадын зах зээлд гаргаад, амжилттай ажиллуулж байна.
Мөн 2024 оны 5 дугаар сараас АНУ-д “OYUT BASIC” LLC -ыг Баасанхүү гэх эмэгтэйтэй хамтран байгуулсан. ”Оюут” брэндийг АНУ-д таниулах, борлуулах зорилгоор “Оюут” компанийг АНУ-д үүсгэн байгуулсан юм. “Оюут” брэндийн өдөр тутмын хувцсыг интернэт дэлгүүрээр www.oyutbasic.com сайтаар борлуулж байна. Цаашид АНУ-д үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй.
-“Оюут” брэнд ойрын хугацаанд шинэ, содон бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна уу?
-Миний өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажилладгийн гол зорилго бол шинэ санаа олох. “Оюут” брэнд хэд хэдэн зүйл төлөвлөж байгаа. 2025 он гарахаас өмнө “Limited” загваруудаа худалдаанд гаргаж, Женев хотноо зураг авалт хийхээр ажиллаж байна. АНУ-ын Иллиноис мужийн Чикаго хотод “The Social Loft Event” гэх газарт “Vip Fashion show”-гаа амжилттай зохион байгууллаа. Америкийн зах зээл дэх Монгол брэндүүдээс загварын шоу хийсэн анхны брэнд болсон. Энэ шоунд маань нийт 100 зочин оролцсон. Шоугоо 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Загварын шоугаараа савхин эдлэл, хослол, өдөр тутмын хувцас гэсэн 3 коллекц танилцуулсан.
Моdeli: Anna, Agnes, Uugii, Tungaa, Bujmaa, Olziijargal, Namuun, Rachel Ablavi, Angie Khosa болон MUA: Tsambagarav, Hair styling: Matrix Baachka, Color analysis: Soyoloo, Artist: Bx нартай хамтарч ажиллалаа.
Мөн цаашид компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, тусгай
захиалгаар брэндээ үйлдвэрлэнэ. Үйлчлүүлэгчдэдээ ингэж онцгой үйлчилгээ үзүүлэх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээс гадна ажлын байр нэмэгдүүлэх нь дамжиггүй.
-“Оюут” брэндийн онцлог болон харьцуулшгүй чанар нь юу вэ?
-“Оюут” брэнд 5 жилийн хугацаанд монголчуудад хэдийнээ танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Ийм брэнд бий болгох санаа анх 2016 онд төрсөн. Түүнээс хойш бодож, төлөвлөж явсаар 2020 онд бодит болгох боломж гарч ирсэн. Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үеэр “Залуусын сонголт” дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болсон юм. Тэр үеэр л санаанд байсан зүйлээ бодит болгоход анхаарч, “Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг яагаад гадаадын зах зээлд гаргаж болохгүй гэж?” хэмээн бодож, “Оюут” брэндээ зоригтой эхлүүлсэн.
Одоо брэндийг маань монголчуудаас гадна гадаадад амьдардаг монголчууд маань тогтмол худалдан авдаг, нэрийг нь сонссон хэн ч мэддэг болжээ. Манай брэндийн хувцсыг өмсөөд явж байгаа хүмүүсийг би хараад л бүтээгдэхүүнээ таньдаг. Энэ бол дотоодын зах зээлд дөнгөж мэндлэн, тэнцэж ядан байгаа шинэ брэнд биш, харин хэдийнэ танигдаж, хэрэглэгчдийнхээ итгэлийг олон, хэрэглэгчээ бий болгож чадсаны илэрхийлэл юм.
Манай брэндийн чанарт сэтгэл хангалуун байдгаа, шинэ загвар, шинэ урамшууллыг нь хүлээдгээ хэрэглэгчид маань хэлдэг. Үнийн хувьд дундаж мөртлөө чанарын хувьд харьцуулшгүй. Загвар, дизайн нь тогтмол шинэчлэгддэг, цаг үеийнхээ онцлогийг шингээсэн байдаг. Эдгээр давуу тал нь “Оюут” брэндийг илэрхийлдэг.
–Танай бүтээгдэхүүн бусад ижил төстэй брэнд болон үйлдвэрлэгчээс яагаад үнийн хувьд өөр байдаг вэ? Чанартай байж чадах уу? гэдэг асуултыг хэрэглэгчид нь байнга тавьдаг уу?
-Ийм асуултад би “Бүтээгдэхүүнийхээ чанарт би 100 хувийн баталгаа өгч чадна” гэж товчхон хариулдаг. “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүхэн буух эзэн, буцах хаягтай байдаг. Үйлдвэрлэгч бол наймаачин биш. Наймаачинд мөнгө л хэрэгтэй бол үйлдвэрлэгчид хэрэглэгчийнх нь сэтгэл ханамж хэрэгтэй. Нэг угаалт даахгүй материалаар хувцас хийж, хүнд зарах нь нэг ёсны хууран мэхлэлт. Харин брэнд бол итгэл хүлээсэн чанар юм. Бид аль ч орны брэндийн бүтээгдэхүүнээс дутахгүй загварлаг, олон улсын стандарт хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байна. Багахан л түлхээс өгөхөд “Made in Mongolia” шошготой “Оюут”-ын бүтээгдэхүүн гадаадын зах зээлд худалдаалагдаад хэдийнэ 5 сар болсон байна.
Манай консептыг аваад, араас гарч ирсэн маш олон брэнд бий. Би үүнд маш их баяртай байгаа. Үндэсний үйлдвэрлэл ингэж л хөгжих ёстой. Бид чадах чадахаараа л урагшлах хэрэгтэй. Бид энэ олон брэндийг хэзээ ч өрсөлдөгчөө гэж хардаггүй. Учир нь бид хамтдаа байж л ажлын байр бий болгож, дотооддоо мөнгөний урсгалыг барьж байгаа юм шиг санагддаг.
-Монгол брэнд Дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий юу? Хамгийн дөт ямар боломж, гарц байна гэж Та хардаг вэ?
-Монголчууд бидэнд газар зүйн байршлынхаа хувьд асар том боломж нээлттэй байна. Бидний хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын асар том зах зээлд бизнесийн түншлэл байгуулж, бараа бүтээгдэхүүнээ гаргадаг болох хэрэгтэй. Гэхдээ гадаад зах зээлд гарна гэхээр хүмүүс бие даасан дэлгүүр байгуулаад, бүтээгдэхүүнээ худалдахыг урьтал болгоод байдаг. Би ч бас тийм бодолтой байсан. Одоо бол тэр ойлголт маань өөрчлөгдсөн.
Гадаадад бие даасан дэлгүүр байгуулахаасаа илүү гадаадын сүлжээ дэлгүүрүүдэд бараагаа нийлүүлэх нь бидэнд хамгийн боломжтой хувилбар. Ингэж бодоод “Оюут” брэндийн бүтээгдэхүүнийхээ дээжээс гадаадын зарим сүлжээ дэлгүүр лүү явуулж эхлэх гэж байгаа. Бид гадаадад очоод, “Манай бүтээгдэхүүнийг худалдаж аваач” гэж санал болгох бус, гадаадынхан Монголд ирээд бидний бүтээгдэхүүнийг авахыг хүсдэг болох ёстой. Би тийм л брэнд үйлдвэрлэхийг хүсдэг. Бид бүхний хамтын бодит дэмжлэгийн хүчээр Дэлхийн бэлэн хувцасны зах зээлд Монгол брэнд өрсөлдөхөд бэлэн байна.
-Монголд хувцас үйлдвэрлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Бид өөрсдийн дурласан ажлаа хийж байгаа. Тийм болохоор зогсолтгүй ажилладаг. Гэхдээ энэ бол ажлаа хийхдээ байнга л жаргалтай байдаг гэсэн үг бас биш. Уурлах, цөхрөх үе бишгүй л тохиолдоно.
Манайд чинь материалын асуудал их хүнд шүү дээ. Хятад юм уу, Солонгосоос л авчруулна. Судалж, хөдөлмөрлөж бүтээсэн загварыг маань хуулбарлах тохиолдол их гардаг. Тэр л хэцүү дээ.
Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье
Эх сурвалж: Time.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!