Ерөнхийлөгчийн хүслээр алдагдалгүй төсөв Засгийн газраас өргөн барилаа. Одоо хэлэлцэж эхэлнэ. Тэгвэл үүнтэй зэрэгцэж Ардын намын ирээдүйн улс төрд зарим нэг зүйлс тодорхой болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Хэрэв анзаарсан бол төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ яг хүлээж авахтай зэрэгцэж, Засгийн газар Улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах хуулиа өргөн барьсан. Энэ бол Ерөнхийлөгчийн санаачилж, манлайлж батлуулсан чухал хууль. Үүнийг хойшлуулж, Засгийн газрын насжилтаа уртасгаж байна гэдэг бол эргээд ямар нэгэн тохироо, ойлголцол явсны үндсэн дээр л хийгдэх учиртай хөдөлгөөн. Магадгүй тэр ойлголцол нь одоо өгүүлэх зүйл байж болох талтай.
Тодруулбал, ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших асуудлыг ҮХЦ дээр шийдэж магадгүй нөхцөл байдал улс төрийн хүрээнд үүсээд буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид зөвхөн нэг удаа нэр дэвшинэ гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгаар ҮХЦ дээр хэд хэдэн хүмүүс гомдол мэдээлэл гаргачихаад байгаа юм. Үүнийг нь одоогийн Ерөнхийлөгч хэрвээ хүсэмжилбэл Цэц дээр боломж үүсгэсэн шийдэл гарах нь гэдэг бор шувуу саарал ордонд олон сар ниссэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс дахин нэр дэвших асуудлаас бүрэн татгалзсан гэнэ.
Учир нь улс төрд тогтворгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Цаашлаад ийнхүү өөртөө боломж гаргалаа ч гэсэн сонгуулиар л эцсийн дүн нь тодорхой болно. Хэрвээ дахин нэр дэвших боломж нээгдвэл У.Хүрэлсүх, Х.Баттулга гээд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүст бүгдэд нь боломж давхар нээгдэнэ. Энэ хүрээнд орж ирэх хамгийн том тоглогч нь Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга. Магадгүй ийм хэмжээний өрсөлдөөнд орвол Ардын нам бүрэн төгс ялалт авна гэдэг хэцүү.
Хоёрдугаарт олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарна. Мэдээж дахин нэр дэвших асуудал яригдахад намынх нь хэсэг бүлэг л дэмжихээс биш олон нийт бараг бүхэлдээ дургүйцнэ. Эцсийн дүндээ зөвхөн өөртөө эрх мэдэл дахин олж авахын тулд Цэцийг үнэгүйдүүллээ. Үндсэн хууль руугаа гар дүрлээ гээд түүхэнд муу нэр л үлдэнэ. Нөгөө талдаа яг одоо Монголын болон намынхаа улс төрийн залуурдаж яваа залуучуудад энэ нь огт таалагдахгүй байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, бөөн эсэргүүцэл, уур хилэн, дургүйцэл дундуур туучиж гарах нөхцөл байдал үүсээд буй юм. Тиймээс Ерөнхийлөгч байсан хүн дахин нэр дэвших асуудлыг ийнхүү зогсоосон байх талтай.
Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс буугаад яах вэ гэдэг хэн хүний сонирхлыг татах нь гарцаагүй. Х.Баттулгаас бусад бүх Ерөнхийлөгч байсан хүмүүс улс төрөөс гарсан байдаг. Тэр тэдний жишгийг дагах уу, цаг хугацаа улс төрийн идэвх нь буураагүйгээ тооцоолж дахин нам руугаа Х.Баттулга шиг орж ирэх үү гэдэг сонголтын өмнө ирэв. Магадгүй эргээд улс төр рүү ороход нам нь бэлэн байгаа. Ямартаа ч эргээд улс төрд орох бол цаг хугацаа нэг их алдахгүй л болов уу. Чухам яаж шийдэх нь л сонирхолтой байна.
Одоо тэгвэл 2027 оны сонгуульд Ардын намаас хэн нэр дэвших вэ гэдэг марафон өрнөж эхэлнэ. Хэний фракцаас хүнээ Ерөнхийлөгчид явуулах вэ гэдэг асуулт гарч эхэлнэ. Гэхдээ энэ асуудлыг голлож шийдэх хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байх болов уу. Нэгдүгээрт, түүний улс төрийн бяр одоо ч УИХ, Засгийн газарт хүчтэй байгаа нь сая төсвийн үеэр хангалттай ажиглагдлаа. Мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа намаа авч, генсекээр нь тамганы дарга Я.Содбаатарыг томилчихсон. Тиймээс одоо улс төрийн бүх тоглолт Ерөнхийлөгчийн хайрцагт 2027 он хүртэл өрнөнө. Магадгүй цаг хугацаа нь дөхөөд ирэхээр намынх нь өшиглөх гэж оролдох л байх. Гэхдээ У.Хүрэлсүх бол Н.Энхбаяр биш. Түүнд намын, засгийн, гишүүдийн, хууль хүчний том нөлөө бий.
Тиймээс дахин нэр дэвших асуудал үнэхээр яригдахгүй болсон нөхцөлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нэрийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л адислах болно. Харин тэр хүн нь хэн байх вэ. Одоогоор нарийн тодорхой хэлэх боломжгүй байгаа ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, сайд Ж.Энхбаяр, магадгүй МАН-ын генсек Я.Содбаатар нарын нэрс яригдах боломжтой юм. Гэхдээ хөшигний ард Ж.Энхбаяр болон Г.Занданшатар нарын аль нэг нь гэх агуулга яригдаж байна.
Энд нэг зүйлийг сануулахад улс төр, ялангуяа Монголын улс төр өдрөөр биш цагаар хувьсан өөрчлөгдөж байдаг. Магадгүй хүсэл нь зорилго болоод дахиад амилаад босоод ирэхийг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ дахин нэр дэвших асуудал яригдах юм бол энэ бол нэг хүний тухай асуудал биш болно. Энэ бол Үндсэн хуулийн хямрал, цаашлаад засаглалын хямрал, өөрчлөлтийн асуудал болох аюултай гэдгийг сануулах нь зөв байх.