ХЭҮК-оос хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Сүүлийн үед хүүхэд залуусын дунд цахилгаан скүүтерийг ихээр унадаг болсон. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэд, хэдэн байгууллагууд бий. гэвч цахилгаан скүүтер нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, Авто тээврийн тухай хуульд таарсан тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар нэгдсэн ойлголт тодорхойлолт Монгол Улсад байхгүй. Скүүтер унах эрхийн зөвшөөрөл, насны доод хязгаар ч байхгүй. Скүүтерийн хурдыг нь авч үзвэл мопедын төрөлд хамруулах боломжтой гэж холбогдох байгууллагуудаас мэдээлсэн. Мопедын төрөлд орж байгаа бол энэ төрлийн тээврийн хэрэгслийг 16 наснаас дээш хүн унах ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна.
ГССҮТ-өөс авсан мэдээллээр скүүтерээс үүдэлтэй бэртэж гэмтсэн хүний тоо 2023 онд 261 байна. Үүний 65 нь хүүхэд. 2024 он гарсаар 104 хүн бэртсэн бөгөөд үүнээс 45 нь хүүхэд.
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр скүүтер осол гаргаж хүүхэд бэртэж гэмтсэн 8 удаагийн тохиолдол гарсан. Энэ бүх үзүүлэлтүүдээс харахад скүүтерийг замын хөдөлгөөнд хэрхэн оролцуулах асуудлыг тодорхой болгож, стандарт мөрдүүлэх шаардлагатай байна" гэлээ.