Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 13-19-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгасан байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.