Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХЕМ: “Ачит Ихт” ба “Цаглавар”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 48 секунд

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд өрнөж буй улстөрийн "хачир" нэгээр нэмэгдэв. Тодруулбал, өчигдөр /2024.04.25/ хууль хүчний байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагаан нар хоорондоо "Ачит Ихт" ХХК-ийн данснаас "Цаглавар" ХХК-ийн данс руу шилжсэн 13.6 сая ам.долларыг "цэвэрхэн" гаргаж авах тухай ярилцсан чатыг олон нийтэд дэлгэсэн юм. Тэгвэл 13.6 сая ам.долларын эх үүсвэр, нэр дурдагдсан компаниудын хамаарал зэрэгтэй холбогдсон үйл явцыг дараах схемээр явагдсан гэж хууль хүчнийхэн үзэж буй аж.

НЭГ. "Ачит Ихт" ХХК нь 2013 он долоодугаар сарын 17-нд Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх экспортын бүтээгдэхүүний шинэ үйлдвэр байгуулж ашиглалтад оруулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ. Тухайн үед "Ачит Ихт" ХХК-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшихээр гэрээ байгуулсан аж. Улмаар 2015 онд гэрээнд өөрчлөлт орж, тус овоолгыг 100 хувь "Ачит Ихт" ХХК эзэмшихээр болсон байдаг.

ХОЁР. Тэгвэл "Ачит Ихт" ХХК болон түүний хувьцааг эзэмшиж буй компаниудын хувьцаа эзэмшигчид нь П.Цагаан болон түүний гэр бүлийнхэн байна. Тодруулбал, "Ачит Ихт" ХХК-ийн 22 хувийг Цаглавар ХХК, 78 хувийг Степпкупер ХХК эзэмшдэг. Харин Степпкупер ХХК-ийн эзэмшигчид нь П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг болон тэдний охин, хүү хоёр юм. Харин 13.6 сая ам.долларын асуудалд ороод буй "Цаглавар" ХХК-ийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчээр П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг бүртгэлтэй.

ГУРАВ.

Ц.Элбэгдорж: Цагалбарын дансанд байгаа 13 саяыг хөдөлгөх хэрэг гарлаа. Та бэлдэж байх уу

П.Цагаан: За ойлголоо. Яаралтай бэлдэе. Сонгууль ч дөхлөө дөө...

Ийнхүү чаталсан хэсгээс харвал эл мөнгийг сонгуульд ашиглах гэж байсан уу гэх хардлага олон нийтэд төрсөн. Энэхүү зураглалаас харахад, Ачит Ихт ХХК нь 22 хувийн ногдол ашиг нэрээр өнгөрсөн хугацаанд 13.6 сая ам.долларыг "Цаглавар" ХХК-ийн данс руу шилжүүлсэн байна. Харин хамгийн сонирхолтой нь, Цаглавар ХХК нь 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус аж ахуйн нэгж нь Ачит ихт ХХК-ийн 22 хувийн ногдол ашгийг авахаас өөр ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм.

ДӨРӨВ. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар "Ачит Ихт" ХХК-ийн 34 хувийг төрд буцаан авах, 2015 онд "Үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй" гэх дүгнэлт гаргасан Ажлын хэсгийн албан тушаалтнуудыг шалгах, алдагдсан боломжийг сүүлийн 8 жилийн хугацаагаар тооцож нөхөн төлүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд "Ачит Ихт" ХХК нь хоёр компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, катодын зэсийг худалдан борлуулж 1.6 ИХ НАЯД төгрөг олжээ.

Тодруулбал, Noble resources international ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ачит ихт ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан 2014-2020 он хүртэлх хугацаанд нийт 54,880 тонн катодын зэсийг хөрөнгө оруулалтын төлбөрт авахаар гэрээ байгуулсан байна. Мөн цагдаагийн байгууллагаас Ачит ихт ХХК Fortune I-Trade PTE компанитай нууц гэрээ байгуулан 2018-2023 онд нийт 41,527 тонн катодын зэсийг экспортлохдоо 1 тонн тутамд 330-350$ долларын хөнгөлөлт эдлүүлэх гэрээ байгуулан тус компанид нийт 14,5 сая долларын хөнгөлөлтийг эдлүүлж давуу байдал үүсгэсэн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна гэсэн юм. Тус компанийн 100 хувийн хувьцааг П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг эзэмшдэг аж.

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.