ХУД, Зайсангийн тойруу дахь нэг чигийн хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэх эсэхийг иргэд саналаар шийдэхээр болж, энэ сарын 12-ны өдөр санал асуулгыг эхлүүлсэн. Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар санал асуулгад 3136 иргэн оролцсоны 86 хувь нь буюу 2690 нь ДЭМЖИХГҮЙ гэх саналыг өгсөн бол 14 хувь буюу 446 нь ДЭМЖИНЭ гэжээ.
Санал асуулга үргэлжилж буй бөгөөд та https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор орж, саналаа өгөх боломжтой юм.