Кино урлагийн салбарт хүч төрөн орж ирж буй нэгэн эрхэм бол жүжигчин, МУСТА Э.Батнямбуу юм. Түүнийг урлагийн салбарынхан Гэрлийн Батнаа хэмээн дууддаг байсан бол өнөөдөр "Эсрэг дүрийн мастер Батнаа" гэж онцгойлон дууддаг болж. Тоглосон кино бүртээ өөрийн өвөрмөц өнгө төрхийг бүтээж, бас ч болоогүй өөрийнхөө дүрээр хүмүүсийн эгдүүцэл, уур бухимдлыг төрүүлж чадаж буй чадварлаг жүжигчин түүнийг "UbnStory" булангийнхаа удаах зочноор урьж ярилцлаа.
-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа?
-Баярлалаа. Ubn.mn сайтын хамт олондоо мөн энэхүү "UbnStory" булангийн уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Уран бүтээлийн ургац арвинтай намар болж байна
-Тун удахгүй өөрийнхөө уран бүтээлийг өлгийдөн авах гэж байгаа гэж байсан шүү дээ. Бас сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог арвин байна уу?
-Энэ намар яах аргагүй ургац арвинтай байлаа. Маш олон уран бүтээлүүд маань нээлтээ хийлээ. "Хүний ээж" МУСК, "Будилаан" МУСК, "Эмэгтэйн кейс" МУСК, "Шар гэгээ" МУСК, "Зуулт" МУСК зэрэг сайхан уран бүтээлүүдэд найруулагчийн багт болон жүжигчнээр ажилласан байна.
Мөн урьд нь "95 хувь" гэдэг нэртэйгээр гарч байсан 10 ангит нууцлаг гэмт хэргийн тухай киноны маань 1 ангит кино "95 хувь- Зүүдний хүн" тун удахгүй буюу ирэх 11-р сарын 03-наас эхлэн бүх кино театруудаар нээх гээд байж байна.
-"95 хувь-Зүүдний хүн" МУСК дээр продюсерээр ажиллав уу?
-Тийм ээ. Продюсер болон жүжигчнээр ажилласан. Мөн "Зуулт" МУСК дээр ч гэсэн продюсер болон гол дүрээр нь ажилласан байгаа. Энэ кино маань тун удахгүй IPTV-ээр гарна.
-Нээрээ л ургац арвин намар гэдэг шиг уран бүтээл арвин жил болж ээ?
-Тэгэлгүй яахав. Энэ намар бол яах аргагүй шинийг сурч, шинийг мэдэж, шинийг эрэлхийлж байгаа намар болоод байна. 2023 он бол ёстой л уран бүтээл арвинтай байна даа.
-Таны нэг ярилцлагыг уншиж байтал өөрөө уран бүтээл хийнэ гэж ярьж байсан юм билээ. Яг тэр хүсэл нь бага багаар биелээд л явж байгаа юм байна?
-95 хувь олон ангит кинонд би продюсерээр ажиллаж, VOO-тэй хамтарч хийж байсан юм. Анхны ч олон ангит кино. Харин үүний араас "95 хувь-Зүүдний хүн" гэдэг өргөн дэлгэцийн уран бүтээл маань удахгүй гарах гэж байна. Мөн дээр дурдсанчлан "Зуулт" МУСК ч мөн өөрийн маань уран бүтээл байгаа.
-Өмнө нь жүжигчнээр эсвэл арын албанд ажилладаг байсан бол одоо продюсерээр ажиллаж байна шүү дээ. Ер нь бүх зүйл л таны толгой дээр бууж байгаа байх гэж бодож байна?
-Өмнө нь кино багтай маш олон удаа ажиллаж үзэж байсан болохоор бүх зовлон, жаргалыг нь мэддэг болчихсон байдаг юм билээ л дээ. Тиймээс надад их дөхөм санагдсан. Хэдий продюсер гэж нэр зүүж байгаа ч мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад яаж хэмжээнд нь хүрхэв. Яахав уран бүтээл хийе гэсэн сэтгэлтэй залуус зөндөө бий. Гэрэлтүүлэгч хийж байгаа залуучууд, зураач хийж байгаа залуучууд, дууны найруулагч хийж байгаа залуучууд хамтраад кино хийе л дээ. Бүгд гоё асаж байгаа насан дээрээ хамтраад кино хийх боломжтой шүү дээ. Бүгд ажлаа хуваарилж аваад ойлголцоод явахад болохоор болсон. Ялангуяа олон жил хамтраад ажиллачихсан, бие биенээ мэддэг болчихсон учраас хамтрахад хэцүү зүйлгүй болчихоод байгаа юм.
-Таныг гэрэлтүүлэгчээс жүжигчин боллоо гээд л ярьцгаадаг. Гэтэл таны үндсэн мэргэжил тань жүжигчин юм байна лээ шүү дээ. Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?
-Тийм шүү. Миний үндсэн мэргэжил бол жүжигчин. 2003 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль /КУДС/-ийг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр багшийнхаа удирдлага дор элсэж, 2007 онд төгсөж байлаа.
Тухайн үед хэдэн оюутан төгсөөд хэд нь ажлын байртай билээ гэдэг нь маш асуудалтай байсан шүү дээ. Тэгээд л миний хувьд хамгийн их чадах ажил бол киноны ажилд оролцоод, туслах хийгээд явж байя. Хэзээ нэг өдөр мөрөөдөлдөө хүрнэ дээ гэж бодоод л туслахаас авахуулаад, гэрлийн найруулагч хүртэл бүр гол дүрийн жүжигчин хүртэл ажиллаад явж байна.
Миний хувьд кинонд арын албанд хийгээд бусад рольд хийж үзээгүй зүйл байхгүй байх. Бүр зураачаар ч ажиллаж байлаа. Манай зарим зураачид "Чи чинь тэр кинонд Ерөнхий зураачаар ажилласан гэлүү" гээд шоолж л байдаг юм. Мөн гэрлийн найруулага, зураглаачийн баг, найруулагчийн баг гээд л бүх албанд нь ажиллаж байлаа. Гэхдээ хамгийн гол зорилго маань бол кинонд тоглоно гэдэг л зүйл байсан. Одоо түүндээ хүрчихсэн байна. Боломжийнхоо хэрээр жүжигчнээ хийгээд явж байна.
-Ер нь л жүжигчнээрээ ажиллах гээд хэсэг хугацаанд харзнаж байжээ?
-Мэдээж кино багт ажиллаж байхдаа маш олон жүжигчин, найруулагчдаа харж байдаг байхгүй юу. Бүх л киноныхоо зохиолыг уншчихсан байдаг учраас энэ жүжигчин яаж ажиллаж байна, ингэж ажиллаж байна шүү гээд л бага багаар суралцаад л явж байсан. Нэг ёсондоо маш том хичээл. Бүх л шүтдэг жүжигчдээ хараад өнцгөө яаж барих ёстой юм, камераа хэрхэн мэдрэх ёстой юм, гэрэлдээ яаж орж тоглох ёстой юм, энэ микрофоныг яаж дугаргахгүй тоглох ёстой юм гээд бүхий л зүйлийг сурч байсан. Практик дээрх сургуульд суралцаад мэргэжлээ эзэмшээд л явж байсан гэсэн үг.
"Нэг л өдөр" гэсэн горьдлого дотор маань байсан байгаа юм. Хүн дутлаа гэхэд цаашаа хараад алхаж байхдаа хүртэл жүжигчин мэргэжил эзэмшснээ санадаг байлаа. Мөн туслах дүрд тоглохдоо хүртэл өөрийнхөө хүсэж байсан зүйлээ найруулагчдаа яаж харуулах вэ, яаж хүлээж авах вэ гэдгийг бодож байсан л даа.
Гэхдээ би их азтай. Миний хамгийн анхны ажлын гараа Х-ТҮЦ продакшнаас эхэлж байлаа. Анх жүжигчнээр орж байсан ч залуу жүжигчид нь арын албаа хариуцдаг байсан юм. Энэ нь ч бидэнд маш том хичээл болсон. Нэг текст хэлээд ороход хүртэл маш их зөвлөгөө авдаг байсан. Ер нь л Х-ТҮЦ продакшнаас хамгийн анхны ажлын гараагаа эхэлсэндээ маш их баяртай байдаг.
"Өнөөдөр сайхан хонхны баяр болж байна. Маргааш өглөө та нар юу хийх гэж байна" гэдэг үг их хүнд туссан
-Та яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?
-10 жилдээ урлаг спортод илүү дуртай байсан. Ялангуяа би их бүжиглэдэг хүүхэд байсан. 10-р ангид байхад надад бүжигчний урилга ирж байсан юм. Тэгээд бүжигчин болох гэтэл сэтгэл нэг л дутуу байгаа юм шиг санагдаад өөр юм гогдоод ч байх шиг болоод жүжигчин мэргэжил аль ч тал руу хөрвөдөг шүү дээ гээд л жүжигчин мэргэжлийг сонгосон. Тэгээд л сургуульд нь ороод л алаад өгөх юм бодоод л орсон. Гэтэл асар хүн, том мэргэжил байсан. 1-р курсээс эхлээд л уншиж, судлах юм ихсээд ирсэн. Дунд нь шантрах үе ч гарсан. Гэхдээ чадна гээд л төгсөж байсан юм.
Хонхны баярын өдөр манай Б.Баатар найруулагч тайзан дээр үг хэлж байхдаа "Өнөөдөр сайхан хонхны баяр болж байна. Маргааш өглөө та нар юу хийх гэж байна" гэж хэлж байсан юм. Нээрээ л маргааш өглөө юу хийх нь тодорхойгүй, ажил байхгүй шүү дээ. Тэр л их хэцүү санагдаж байсан юм.
Тэгээд хонхны баярын дараа 14 хоног гэртээ байсан. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, учраа олохгүй байгаад л байсан. Гэтэл ээж маань манай найз Налайхад төмрийн үйлдвэртэй гэхээр нь ерөөсөө би тийшээ очиж ажиллая гээд урлагийн сургууль төгсчихөөд төмрийн үйлдвэр рүү явж байсан юм. Тэнд ажиллаж байгаад би 9 сард хотод орж ирээд "Кинонд дуу оруулъя" гэж шийдээд SBN тв дээр очоод суутал тэнд байх хүн би биш байна лээ. Өөрийгөө нэг өрөөнд суулгахад маш их тэвчээр шаардсан. Төвлөрөх шаардлага гарсан. Надад ч тийм өгөгдөл байхгүй байсан. Яахав тухайн үед сууж чадахгүй байгаад байсан.
Гэхдээ одоо бол Равдан гуай шиг ч юм уу нэг гоё шүлэг уншиж үзье гэж бодож байгаа. Өөрийгөө шинээр сорьж үзье гэж бодож байгаа.
Намайг эрсэг дүрд ТАМГАЛСАН дүр бол яах аргагүй "ТЭНГЭРЭЭС БУУСАН ОД" киноны Лутын дүр
-Таныг үзэгчдийн хараанд өртүүлсэн дүр бол яах аргагүй "Тэнгэрээс буусан од" МУСК-ны Лутын дүр шүү дээ. Магадгүй энэ дүрийг бүтээснээс тань хойш таныг "Эсрэг дүрийн жүжигчин" гэдэг гуншин салахгүй дагадаг болчихсон юм шиг. Ер нь амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам тань болов уу?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гоё санал. "Хувьсал" продакшны найруулагч МУГЖ У.Уранчимэг эгч маань санал тавьж байсан юм. Урнаа эгч дүрээ сонгож байхдаа кино багийнхантай ярилцсан юм билээ л дээ. Эсргэ дүр дээрээ хэнийг тоглуулах вэ, шинэ хүн орж ирж БҮҮМ хиймээр байна гээд. Гэтэл манай зураач, киноныхон дунд Халзан Хүрлээ гэдэг ах байдаг байхгүй юу. Тэр ах маань намайг санал болгосон юм билээ.
Яг юу болсон бэ гэсэн чинь, Тэд нар ажил дээрээ кино үзээд сууж байтал "Маш нууц-1" гарсан юм билээ л дээ. Тэр кинон дээр би шоронгийн хоригдлын дүрд тоглодог байхгүй юу. Тэгтэл Хүрлээ ах "Энэ чинь манай гэрлийн Батнаа чинь байна шүү дээ" гэсэн чинь Урнаа эгч мөн юм уу, Батнааг дуудчих уулзъя гээд намайг дуудаж санал тавьж байсан юм.
Тэгээд дуудагдаад зохиолтойгоо танилцчих гэхээр нь зохиолоо уншаад гарч ирээд "Эгч ээ энэ их эвгүй юм байна аа" гээд л хэлсэн. Үнэхээр тэр үед айсан. Гэхдээ юунаас айсан бэ гэхээр "Хүмүүс юу гэх бол. Хүмүүс аймар коментууд ирэх байх даа" гээд л бодогдсон юм. Яахав жүжигчин хүн болохоор жүжиглэхэд асуудалгүй мэт санагдаж байсан.
Гэтэл Урнаа эгч "За яаж байна" гэхээр нь "Айж байна" гэлээ. Тэгтэл "Юунаас нь айдаг юм. Жүжигчин хүн байж" гэхээр нь "Харин тийм ээ. Гэхдээ дүрээсээ айгаагүй ээ. Харин хүмүүсийн хандлага яадаг бол" гээд маш жижигхэн юмнаас айгаад байгаа байхгүй юу. Тэгээд би эргээд хариу хэлье гээд эхнэртэйгээ ярилцсан юм. Тэгээд л энэ бол надад олдож байгаа хамгийн том боломж гэж бодоод л өөрийгөө ямар жүжигчин бэ гэдгээ харуулъя, байдгаа гаргаж ажиллая гэж бодсон.
Тэгээд л Урнаа эгчид "Эгч ээ би чадах болов уу. Та надад итгэлтэй байна уу" гэтэл Урнаа эгч "Би чамд 1000 хувь итгэлтэй байна" гээд хэлтэл дотор дүүрээд л явчихсан.
Хамгийн эхний маань зураг маш хүнд зураг байсан. Хүмүүс сошиалаар их тавиад байдаг "Орон дээрх" хэсгийг авсан. Тэр хэсгийг тоглоод л ажиллаж байгаа багаа анзаартал мэдрэмж нь их гоё байсан. Тэгээд л "За би чадчихсан байна даа" гэж бодож байсан. Түүнээс хойш бол нэг их түүртээгүй л явчихсан даа.
Энэ бол яах аргагүй намайг нээж өгсөн өөрөөр хэлбэл ТАМГАЛСАН кино.
-Та 2019 онд МУСТА цолыг хүртсэн?
-Хүмүүс намайг ганц нэг кинонд тоглоод авчихлаа гэж бодоод байдаг. Ер нь их хэл амтай шүү дээ. МУСТА гэдэг цол бол яах аргагүй хэл ам дагуулахаар цол. 15 жил ажилласан хүн авах ёстой ч гэдэг юм уу. Гэхдээ би энэ цол тэмдгийг "ГЭРЭЛТҮҮЛЭГЧ"-ээрээ авсан гэж боддог юм.
2008 оноос хойш би гэрлээр ажилласан. Яахав хүмүүс намайг хэдэн дүр бүтээчихээд авчихлаа гэж харж байсан байж болох ч миний хувьд энэ цол тэмдэг бол 12, 13 жил ажилласан гэрэлтүүлэгчийн маань гавьяа гэж боддог. Би энэ хугацаанд 60, 70 уран бүтээлд ажилласан байдаг. Олон ангит, нэг ангит, баримтат гээд бүх уран бүтээлүүд маань багтана. Хэдий үүнийг би жүжигчнээрээ авсан гэж хэлэхгүй ч монголын кино урлаг намайг гэрэлтүүлэгчээр үнэлсэн гэж л боддог юм.
ЭРСЭГ ДҮР гол дүрийг илүү тодотгож өгдөг. Тиймээс муу байж болохгүй сул байж болохгүй
-Таныг хүмүүс "ЭСРЭГ ДҮРИЙН МАСТЕР" гэж цоллох болсон. Ер нь ингээд харахад нэлээн хэдэн кинонд л эсрэг дүрийг бүтээчихсэн байна?
-Хүмүүс ингэж цоллох нь аргагүй юм л даа. Тоглож байгаа ихэнх дүр нь эсрэг дүр болохоор яах аргагүй. Би хамгийн анх "Үнэнээс хол" гэдэг кинонд туслахаар ажиллаж байсан юм. Гэхдээ тэр кинонд бас нэг цагдаа залуугийн дүрд ажиллах боломж олдож байсан юм. Тэр маань л гэхэд бас эсрэг дүр. Мөн "Помогите нам"-1 дээр ч гэсэн цагдаад баригдсан хулгайч нарын нэгд би байж байдаг байсан. Ер нь бол тэдгээрээс л үүдэлтэйгээр эсрэг дүр оноогддог.
Гэхдээ эсрэг дүр болох сайхан шүү дээ. Гол дүрийг илүү тодотгож өгдөг. Хүмүүс маш таатай кино үзэж байсан бол түүнийг нь таагүй болгож байдаг. Тэгэхээр хүмүүсийн анхаарлыг маш их татдаг. Эсрэг дүр муу байж болохгүй, сул байж болохгүй. Чанга байх ёстой.
Эерэг дүрээ цохих хэмжээний байх ёстой гэж боддог. Гэхдээ уналттай. Тийм л дүр байхгүй юу. Тийм ч учраас ажиллахад хэцүү байдаг. Амттай байдаг. Хүмүүс сайн, муу бүх төрлийн сумаар бууддаг. Тэр нь их гоё байдаг. Одоо ч дөжирчихсөн дөө.
Бас дөжрөхөөс гадна хүмүүс эсрэг дүрийг олон гаргаад байхаар нөгөө л нэг эсрэг дүр гэж хараад байдаг. Гэхдээ "эсрэг дүр" гэдэг нэр томъёоны ард ямар киноны ямар дүр вэ гэдэг их чухал. Юугаараа өөр байх ёстой вэ гэдэг дээр илүү их ажиллаж, тэр мэдрэмжүүдийг хэл яриа, тоглолт, хэлэмж, гадаад төрхөөрөө өөр болгож, өөрөөр ажиллах ёстой. Тэгэхгүй бол нэг муухай царайтай жүжигчин муухайгаа гайхуулаад жүжиглээд байж болохгүй. Тэгэхээр маш сайн, чамбай ажиллах ёстой.
Тиймээс би ажиллаж байгаа бүхий л дүрээ сайн судалж, сайтар ажиллах ёстой гэж боддог. Хүний сэтгэлд юу нь хүрэх ёстой билээ. Тэр болгоныг ч сайн гаргаж, давуулж харуулах ёстой.
Би эсрэг дүрээ ӨМӨӨРЧ тоглодог
-Та саяхан "Эмэгтэйн кейс" МУСК-д ажилласан. Гэхдээ яг таны дүрийг эсрэг дүр гэж хэлэх нь зөв эсэхийг сайн мэдэхгүй юм. Хүмүүст л эсрэг дүр мэт харагдаж байх шиг байна?
-Энэ киноны хувьд ярихад хүмүүст эсрэг дүр шиг санагдаад байгаа юм. Найруулаг ч мөн түүнийг л бодсон. Би анх зохиолоо уншаад л найруулагчдаа хэлсэн.
"Би хохирогч л байна шүү дээ. Энэ кино бол хүүхдийн тухай тэр дундаа хүүхдийн хүчирхийллийн эсрэг кино байна. Би ээжийгээ дарамталдаг эсрэг дүр байна. Гэхдээ би багадаа хүчирхийллийн траумааг авчихсан юм байна шүү дээ. Хэн тийм трауматай болгосон юм. Энэ хүмүүс л байна шүү дээ. Тэгэхээр энэ нийгэмд болж байгаа зүйлс, ялангуяа хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд ирээдүйд энэ дүр л болно шүү дээ. Сүхээ гэдэг дүр бол эсрэг дүр биш байна. Би өөрийгөө эсрэг дүр гэж бодохгүй байна. Би өөрийгөө хамгаалмаар байна" гэж найруулагчдаа хэлсэн.
Ер нь энэ бол өрөвдөлтэй дүр байхгүй юу. Хүүхэд байхдаа шууд л ийм хүүхэд байгаагүй шүү дээ. Эцэг, эх нь ийм болгочихсон юм байна шүү дээ гэдэг мессеж яваад байгаа байхгүй юу. Хүмүүс миний дүрийг аймар байна лээ гээд байгаа нь зөвхөн үзүүлэлт болохоос биш надад бол тийм ч муу эсрэг дүр биш санагдаж байгаа. Эсрэг дүрд ч гэсэн сайн, муу олон тал бий. Тэнд зовлон, жаргал бүгд байгаа. Түүнийг л би харуулж байгаа шүү дээ.
-Та үнэхээр эсрэг дүрдээ дурлачихжээ?
-Би эсрэг дүр дээр тоглохдоо дүрээ өмөөрч тоглодог. Манай жүжигчид ч дүрээ өмөөрч тоглоно гэж ярьдаг. Энэ бол миний дүр. Сайн талыг нь ч харуулна, муу талыг нь ч харуулна. Эерэг талын дүрүүдэд л эсрэг харагдаад байгаа болохоос би өөртөө үнэнч дүр шүү дээ. Өөрийн гэсэн зарчимтай, дүрэмтэй дүр шүү дээ. Тиймээс би тэр талыг нь харуулах гэж, нэг талаас нь бодоод үзвэл түүний зөв гэдгийг харуулах гэж ажилладаг байхгүй юу.
-Дүр ч гэсэн өөрийг гэсэн зарчимтай, дүрэмтэй байдаг гэлээ шүү дээ. Тэгвэл таны өөрийн тань баримталж явдаг дүрэм журам, зарчим юу вэ?
-Би өөрийнхөө хийж байгаа ажлыг ягштал хийхийг хичээдэг. Ялангуяа гэрлээр ажиллаж байхдаа бас дүү нартаа гэрэл хаана хураах ёстой яг тэр байранд нь тавь, арчаад хий, тэр хайрцганд байгаа зүйл бүгд цэгцтэй байх ёстой. Ажил дууссан бол бүгдийг нь хураагаад машиндаа ачаад дараагийн объект дээр ороход цэвэр цэмцгэр ажиллаад эвдэлж хэмхлэхгүй байх ёстой. Бас аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар баримтал гэдэг зарчмыг баримталдаг.
Ялангуяа өөрийнхөө хариуцаж яваа багаа бусад багаас муу хэлүүлэхгүй, бусдадаа үлгэр дуурайлил болохын тулд дүү нартаа зааж сургадаг.
Харин хувь хүн талаасаа гэвэл манай гэр маш эмх цэгцтэй байдаг. Учир нь манай эхнэр өөрөө маш эмх, цэгцтэй. Би яахав жаахан назгайрчих гээд байдаг тал бий. Гэхдээ би амьдрал дээр байдаг маш зарчимч хүмүүсийг бодвол тийм ч айхтар зарчимч хүн биш ээ.
-Таныг эсрэг дүрд ажиллахаар гэр бүл тань дургүйцдэг үү?
-Бас гайгүй шүү. Эхнэр маань зарим киноны нээлтэд хамт очхоороо жаахан аашилдаг л юм. Гэхдээ л намайг маш их дэмждэг.
Яахав аав маань хааяа нэг халамцуу үедээ "Чи өөр юманд тоглож болдоггүй юм уу" гээд л үг хаяж байдаг юм. Тэгээд л цагаан сараар хамаатныхандаа очхоор ах нар маань "Чи одоо хулигаан, эсрэг дүрээс өөр юм гаргахгүй юм даа" гэдэг л юм. Гэхдээ яахав. зүгээр дээ. Энэ бол миний л ажил шүү дээ.
Яахав хүний л эцэг, эх болсон хойно үр хүүхдээ сайхан эерэг дүрд тоглохыг нь харъя л гэж боддог байх. Насаараа эсрэг дүрд тоглох биш. Бүх дүрд л ажиллана шүү дээ.
Би амбицлах дургүй
-Ер нь жүжигчидтэй ярилцахаар өөрсдийгөө одоо ч гэсэн суралцаад л явж байна гээд байдаг юм. Танай мэргэжлийн онцлог магадгүй тэр байх?
-Тийм шүү. Суралцаад л байдаг мэргэжил. Учир нь энэ мэргэжил бол хүн судалдаг мэргэжил шүү дээ.
-Таны жүжигчний карьер одоо л эрчээ авч байна уу?
-Илүү олон кинонд ажиллаж эхэлж байна даа. Найруулагч нар ч их санал тавьж байна. Тэр болгоны итгэлийг нь алдахгүй гэж хичээж байна. Би өөрөө тийм ч амбицтай хүн биш. Амбицанд дургүй. Нэвтрүүлэг, шоунд орох их дургүй хүн шүү дээ. Энэ жилээс л ярилцлага, нэвтрүүлэгт орж байна. Түүнээс биш янз бүрийн уригдсан нэвтрүүлэгт огт ордоггүй шүү дээ.
-Яагаад?
-Мэдэхгүй ээ. Хувь хүн талаасаа тийм зүйлд дургүй ч юм шиг. Хэт хүмүүсийн анхааралд байх дургүй гэх юм уу. Зүгээр ажлаа хийж байгаа маань л сайхан учраас шоу, нэвтрүүлгээс жийрхээд байдаг юм. Түүнээс биш жүжигчин хүн гэхээрээ л юм болгон рүү үсчээд байх шаардлагагүй шүү дээ. Кинонд ажиллаж байгаа бол тэр миний л ажил. Одоо бол ямар ч кинонд, ямар ч зохиол таалагдвал давхиад л орно.
-Сүүлчийн асуултыг танд өөрт тань үлдээе?
-Өнөөдөр ярилцлагадаа урьж оролцуулсан Ubn.mn сайтын хамт олондоо баярлалаа. Тун удахгүй миний шинэхэн уран бүтээл болох "95 хувь-Зүүдний хүн" бүрэн хэмжээний өргөн дэлгэцийн уран бүтээл үзэгч та бүхэнд хүрэх тул өөрсдийн үнэлгээгээ өгөхийг хүсэж байна. Баярлалаа.
-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.