Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Тавхан минутад хийсэн “РОБОТ ТОГООЧ“-ийн хоол Хятадын хоол үйлдвэрлэлд шинэ дэвшлийг авч иржээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 22 секунд

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоотой хамтран БНХАУ-ын таван муж хотоор Монгол-Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгыг зохион байгуулсан. Тэгвэл хамтарсан сурвалжлагын баг хамт олон Шанхай хотоор хийсэн хоёр дахь өдрийн сурвалжилгыг хүргэж байна.

БНХАУ, Шанхай хот

Хамтарсан сурвалжилгын баг Шанхай хотод хийсэн хоёр дахь өдрийн сурвалжилгаараа Байчю цахим худалдааны төв болон Шанхайн Ши Шян И Шиан AI ресторан, Гүбэй хотын иргэдийн төв, Шижин шинжлэх ухааны технологийн ХХК-д саатсан юм.

  • Байчю цахим худалдаа

Брэндийн бүтээгдэхүүний сурталчилгааг бүтэн 6 цаг зогсож хийдэг

Байчю цахим худалдааны төв нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бүрэн платформын сайжруулсан үйл ажиллагаа, дижитал олон нийтийн үйл ажиллагаа, нэгдсэн маркетинг, шууд нэвтрүүлэг, omni-channel мэдээллийн технологийн үйлчилгээ , захиалгын биелэлт зэрэг загвар, тансаг бараа бүтээгдэхнүүний салбарт үйлчилдэг компани юм.

Одоогоор дэлхийн 120 гаруй брэндтэй хамтран ажиллаж, маркетингийг нь хариуцдаг аж. Биднийг очиход тус компанийн ажил хэдийн эхэлсэн байв. Тэр дундаа хамгийн их анхаарал татсан зүйл нь Тик Ток эсвэл бусад сүлжээний одод шууд дамжуулалтын өрөөнөөс бүтэн 6 цагийн хугацаанд бараагаа танилцуулдаг явдал байв.

Гэхдээ бараа танилцуулж буй залуусыг маш өндөр сонгон шалгаруулалтаар сонгодог гэж бидэнд тайлбарлаж байв. Түүгээр ч үл барав бараа бүтээгдэхүүн танилцуулж буй ажилчид зөвхөн ганцаараа ажиллах бус маш олон залуус шууд дамжуулалтад гар бие оролцох аж.

Нэг ёсондоо манай онлайн шоп ажиллуулагчдын өөрсдийн хийгээд байгаа шууд дамжуулалтыг тус компани хариуцаж, маркетингий нь хийдэг гэхэд буруудахгүй юм.

Түүнээс гадна тус компани өндөр түвшний зар сурталчилгаа, кино, баримтат кино болон бусад салбарт баялаг туршлагатай хүмүүсийг цуглуулан хамтран ажиллах брэндүүдийнхээ бүтээгдэхүүнүүдийг танилцуулах болон бусад үйлчилгээг үзүүлэх гэрэл зургийн студи байгуулсан байна.

  • Шанхайн Ши Шян И Шиан AI ресторан

3-5 минутад хятад хоол хийдэг "Робот тогооч"

Хятад улсад AI технологи хэдийн хүчээ авчээ. Тэр ч бүү хэл хоол үйлдвэрлэлийн салбарт ч байр сууриа олсон гэхэд болох юм. Учир нь бидний очсон дараагийн сурвалжилгын цэг болох Ши Шян И Шиан AI ресторан нь хиймэл оюун ухааны технологиор дамжуулан роботон тогооч ажиллуулдаг компани юм.

Уг компани нь хоол хийх автомат системийг Хятадын уламжлалт хоол хүнс хийх аргатай хослуулсан бөгөөд зөвхөн хоолны жороо Шишянгийн том дата платформд оруулж, зуушийн орц бэлтгэх, хутгах, чанаж шарах зэрэг хоол хийх бүхий л үйл явцыг гал тогооны машин гүйцэтгэж, 3-5 миунтад хийх боломжтой аж.

  • Гүбэй хотын иргэдийн төв

Гүбэй хотод хамгийн олон гадаадын иргэд оршин суудаг

Бидний дараагийн сурвалжлах цэг бол "Гүбэй хотын иргэдийн төв" байв. Тус төв нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна соёлын солилцоо, Дүүргийн нийтийн удирдлагын үйл ажиллагааг нэтгэсэн төв юм.

Тус дүүрэгт гадаадын иргэд хамгийн олноор амьдран суух бөгөөд дэлхийн 50 гаруй улс орон бүс нутгаас ирсэн олон мянган иргэд амьдардаг байна. Гүбэй нийгэм дүүрэгт нийт 33 мянган хүн амьдардгийн 51 хувийг гадаадын иргэд эзэлдэг.

Түүнчлэн тус дүүрэг иргэдэд чиглэсэн олон олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд хоол үйлдвэрлэл, хүүхэд асрах, хятад хэл заах, хөгжимийн сургалт явуулах, уран бичлэгийн хичээл орох гэх мэт 60 гаруй үйлчилгээг төлбөртэй болон төлбөргүй хэлбэрээр явуулдаг аж. Мөн гадаадын иргэд нэг цонхны үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.

  • Шижин Шинжлэх ухаан технологи

Жолоочгүй, кабингүй том оврын автомашин хэдийнээ хэрэглээнд нэвтэрчээ

Шанхайн Шижин мэдээлэл, Шинжлэх ухаан технологийн компани нь 2015 онд байгуулагдаж байжээ. Тус улсад хөгжлийн бүрэн чадамжтай цөөн тооны хиймэл оюун ухааны компаниудын нэг бөгөөд хиймэл оюун ухаанаар олон салбарын чадавхыг идэвхжүүлж, дэлхийн ухаалаг үйлчилгээний салбарт анхдагч болохоор ажиллаж буй компани гэнэ.

Хиймэл оюун ухааны суурин дээр үндэслэн Шижин технологи нь логистикийн хэрэглэгчдэд хөнгөн тээврийн хамгийн чухал холбоосыг даван туулахад нь туслахын тулд аажмаар жолоочгүй ачааны бүтээгдэхүүнийг хөгжүүлж, дэлхийн хамгийн анхны жолоочгүй автомашиныг арилжааны салбарт ашигласан байна. Түүнээс хойш тус компани "Кабингүй, жолоочгүй" хүнд даацын Q-Truck машиныг бүтээсэн аж.

Тус компанийн бүтээсэн жолоочгүй нүүрс тээвэрлэх зориулалт бүхий автомашин манай улсад 23 ширхэг байдаг бөгөөд Шивээхүрэн-Сэхээ боомт руу нүүрс тээвэрлэдэг байна.

Энэ хүрээд бидний хоёр дахь өдрийн аялал өндөрлөсөн юм. Өдөр бүр БНХАУ-ын хөгжил цэцэглэлтийг нүдээр үзэж тэднээс суралцах боломжтой ямар арга байгааг тэнд буй бүхий л сэтгүүлчид сонирхон сонжиж байсан юм. Тавхан минутад болсон хоолыг идэж, танил ч юм шиг бас үгүй ч юм шиг технологийн хөгжлийг харсан бас нэгэн өдөр ийнхүү өнгөрөв.

НОК хуралдаж байна
НОК хуралдаж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.