Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга, Я.Санжмятав нарын салхинд хийсгэсэн 14 тэрбум төгрөгийг С.Наранцогт ШИЛЖҮҮЛЖ байжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 12 секунд
Caption

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт Засгийн газраас тогтоол гарч, дотоодын үйлдвэрлэгчдээр сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлүүлж, 2013-2014 оны хичээлийн жилд нийлүүлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга дундаас нь гэнэт гарч ирж, Хөдөлмөрийн сайдын хариуцдаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 17 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 6 тэрбум төгрөг буюу нийт 23 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхийг нь өөрийн яамандаа шилжүүлэн авч байгаад бужигнуулсан байдаг. Бид өмнөх нийтлэлээрээ энэ талаар дэлгэрэнгүй хүргэсэн билээ.

Тэгвэл хамгийн хачирхалтай нь, 2013 оны 12 сарын 1-ний өдөр эргэн төлөгдөх нөхцөлтэй, 7 хувийн хүүтэй зээл өнөөдрийг хүртэл төлөгдсөнгүй. Ялангуяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 17 тэрбум төгрөгийн зээлээс ердөө 2.5 тэрбум нь төлөгдсөн. 14.4 тэрбум нь төлөгдөөгүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн 14 тэрбум төгрөг салхинд хийссэн гэсэн үг. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуулж 17 тэрбум төгрөг авсан “Оёдлын нэгдсэн холбоо” нь үүд хаалгаа барьчихсан байдалтай байх жишээний. Уг холбоо нь цааш нь найман компанид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг дамжуулан олгосон. Ингээд Я.Санжмятаваас Х.Баттулга руу, Х.Баттулгын яамнаас Оёдлын нэгдсэн холбоо руу, Оёдлын нэгдсэн холбооноос аж ахуйн нэгжүүд рүү гэсэн замаар татвар төлөгчдийн 14 тэрбум ор сураггүй алга болжээ.

Хамгийн хяслантай нь эдгээр хүмүүстэй өнгөрсөн арван жилийн хугацаанд нэг ч хариуцлагын асуудал ярьсангүй. Хэрэв санаж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас болж 2020 оны сонгуулийн дараа ХНХ-ын сайд Н.Номтойбаяр шүүхээс ял авч байсан. Түүнийг буруутгасан шалтгаан нь 200 сая төгрөгийг банкаар дамжуул ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо хүү тооцоогүй гэдэг үндэслэл. Угтаа бол хүү тооцох ямар ч үндэслэлгүй. Тэр ч байтугай Н.Номтойбаяр сайдын үед олгогдсон 200 сая төгрөгийг зээл хэлбэрээр аж ахуйн нэгжүүдэд өгөх эсэхийн тухайн үед Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлсэн. Мөн дээрх 200 сая төгрөг 100 хувь эргэн төлөгдсөн байсан.

Caption

Тэгвэл Н.Номтойбаяраас 70 дахин их хэмжээний хохирол улсад учруулчихсан тухайн үеийн хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болон ийм үл бүтэн төсөлд мөнгийг нь шилжүүлсэн Хөдөлмөрийн яамны санхүү, сангийн бодлого төлөвлөлтийн газрын дарга байсан С.Наранцогт нартай яагаад хариуцлага ярьж чадахгүй байна вэ. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан хүмүүс дараа нь УИХ-ын дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртлээ дэвшлээ. С.Наранцогт нь Монголын төсөв санхүүтэй холбоотой бараг л бүх том албан тушаалуудыг хашиж байна. Өнгөрсөн хугацаанд Сангийн яамын ТНБД, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын албыг хашив. Одоо бүр “Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байна.

Хийсэн гэрээ, шилжүүлэх эрх нээлгэсэн бичиг бүгд цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн байхад Авлигатай тэмцэх газар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар яагаад ажин түжин сууна вэ.

Ялгамжтай, эсвэл хоёр нүүртэй шударга ёс гэж байхгүй л байлтай. Хоёр улстөрчийг нь дийлдэггүй жижигрээд байдаг юм бол ядаж “Эрдэнэс Монгол” дээр тавьсан С.Наранцогтоосоо эхлээд хариуцлага ярих хэрэгтэй.

ШУУД: Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал 29 дэх өдрөө үргэлжилж байна
ШУУД: Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал 29 дэх өдрөө үргэлжилж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.