Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.
Тухайлбал, Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү болох Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нь АНУ-ын Индианагийн их сургуулийг Улс төр судлал чиглэлээр хоёр жил суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Э.Золбоогийн хувьд НАМЗХ-нд нарийн бичгийн дарга, Улсын мэргэжлийн хяналтын газарт мэргэжилтнээр ажилладаг байжээ.
Харин түүний зээлийг тэглэх тушаал гарсан өдөр буюу 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн ам.долларын ханшаар тооцож үзвэл, Э.Золбоогийн 23 сая төгрөгтэй дүйцэх зээлийг тэглэсэн гэсэн үг юм.