Улсын Их Хурлаас зохион байгуулсан “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын чиглэл” сэдвийн хүрээнд цар тахлаас өмнөх ба одоогийн эдийн засгийн харьцуулалт болон валютын ханшийн өсөлт, нөөц буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүд, мөнгөний нийлүүлэлт, зээлийн гарц буурч байгаа шалтгаан, болзошгүй эрсдэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөж, ажил эрхлэлт буурснаар өнөөдөр стагфляц үүсэх нөхцөл бүрдсэн байгаа, ирэх онд ч инфляц зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй байгаа аж.
Тиймээс ирэх онд Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспорт болон хувийн хэвшлээ дэмжих бодлогыг хэрэгжүүлж ДНБ-ийн өсөлтийг 2019 оны үзүүлэлт буюу таван хувьд хүргэх боломжтой" гэсэн юм.