Туучаад, туулаад барагдахгүй хорвоогийн эгэл өдрүүд. Тоочоод, тоолоод дуусахгүй амьдралын хэцүү бэрхүүд. Яг л нэг аясаараа эргэлдэх аж. 21-хэн настай ч амьдралын төлөө тэмцэж бас зүтгэж яваа нэгэн залуугийн тухай ийн өгүүлье. Тэр бусдаас жаахан өвөрмөц. Гэхдээ өөр биш.
Өдий том болчихоод ах, эгчдээ яг л бяцхан хүүхэд шиг эрхэлдэг хэмээн ичингүйрэн ярих түүнийг Бямбацогтын Оргил гэдэг. 90 хувийн харааны бэрхшээлтэй, пара хөнгөн атлетикийн тамирчин. Оролцсон тэмцээн бүрээсээ медалийн буухиаг таслахгүй. Тиймдээ ч тэрбээр удахгүй АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдах пара хөнгөн атлетикийн тэмцээндээ явахаар бэлтгэж буй.
Хүүхэд ахуй насаа дурсан ярихдаа юу юунаас ч илүү баяртай болох түүнд ээжтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа бүр үнэ цэнтэй байсан нь илт. Хар багаасаа их хөдөлгөөнтэй, дэггүй хүүхэд байсан тул ээждээ их ч зэмлүүлдэг байж. Түүнийгээ эргээд бодоход хамгийн дурсамжтай цаг мөч байсан хэмээнэ. Одоо ч тэр сэргэлэн нь дэндсэн цайлган нэгэн. Түүнтэй уулзсан хүн бүр өрөвдөж, энэрэх гэхээсээ илүүтэй бахархаж, сайшаах нь их биз.
Түүнийг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж хэлж болох. Өнгөрсөн зун авсан унадаг дугуйтайгаа нийслэл хотын өнцөг булан бүрд хүрч ажилладаг шуурхай шууданч гэж хэлэхэд хэлсдэхгүй. Магадгүй та ч бас түүнийг харсан байх. Бүр хүргэлт хийлгэсэн ч байж мэдэх. Ажлаа чин сэтгэлээсээ хийх түүнд үйлчлүүлэгч бүр нь ам сайтай байдаг талаар ч хэлж байв.
Гэвч манай хот хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тийм ч ээлтэй хот биш. Явган хүний зам, унадаг дугуйн зам хүрэлцээгүй тул арга буюу авто замаар явж хүргэлт хийдэг гэнэ. Заримдаа машинтай ах нарт загнуулдаг тухайгаа ч нуулгүй ярив. Унадаг дугуйн зам хүрэлцээгүй тул явган хүмүүс тэр замаар алхдаг учир дугуйтайгаа явахад хүндрэлтэй байдаг аж.
Гэхдээ тэр хэцүү, бэрхийг тоочихоос илүүтэй авууштай, сайшаалтай зүйлүүдийг ярих дуртай. Болохгүй, бүтэхгүй гэхээсээ илүүтэй болгоно, бүтээнэ гэж хичээх зүтгэлтэй. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай хичээллэж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд өнөөдрөөс эхэлж тэмцэх нь түүнийг ямар их сэтгэлийн тэнхээтэй нэгэн бэ гэдгийг харуулж байлаа.
Хоромхон зуурт ярилцаад суухад сэтгэлд нэг л дотно. Хэвлүүхэн яритай хэрсүүхэн түүнийг улам илүү амжилт хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас Б.Оргилын талаар энэхүү хөргийг бичихгүй байхын арга байсангүй. Ахин дахин хэлье. "Тэр бусдаас жаахан өвөрмөц. Гэхдээ өөр биш"
Бичлэг үзэх: