Чуулганы үеэр "Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүн”-гийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас Боловсролын багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлж эхлээд байна. Хуулийн төсөлд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, чанарыг сайжруулах, суралцагчдад тэгш боломж олгох, Монгол хүний насан туршийн хөгжлийг хангах, боловсролын нийгэм, эдийн засгийн үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасныг онцолсон.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолоор нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг төлөвлөж, 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар 26643 хүүхэд, 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэмэлтээр 7755 хүүхдийг сургуульд хамруулснаар урьдчилсан байдлаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 34486 хүүхдээс 34398 хүүхдийг /99,4 хувь/ цэцэрлэгт шинээр хамруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна" гэв.