Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК иргэдийг хохироосон талаар ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тус компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэргийг шалгахад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв.
Түүнчлэн "Бэлтэс мөрөн" ХХК-д мөнгөө алдсан 2000 иргэдийн төлөөлөл өнөөдөр /2022.09.26/ УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад, "Бэлтэс мөрөн" ХХК-иас болж хохирсон иргэдийн хэргийг хэсэгчлэн шүүх рүү шилжүүлж, гарсан шийдвэрийн дагуу өмчийг битүүмжлэх, шүүхийн процессыг дуусахыг хүлээвэл урт хугацаа зарцуулах учир төр энэ хохирлыг түрүүлж барагдуулах зэрэг агуулга багтжээ.
“Бэлтэс мөрөн” ХХК-д 90 сая төгрөг өгсөн иргэн: "Миний хувьд энэ компанид 90 сая төгрөг өгсөн байгаа. Орон гэрээ зараад 90 сая төгрөг хийсэн ч авч чадаагүй байна. Тухайн үед аймгийн удирдлагууд энэ компанийн үйл ажиллагаа хэвийн "зүгээр" гээд хүмүүсийг мөнгө хийлгэсэн." гэв.