Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цурам ажиллагаа Монголын кино урлагийн цензурийг дээшлүүлж, шинэ түвшинд гарч байгааг илэрхийллээ“

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 37 секунд

Монголын кино урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг, мэргэжил нэгтнүүд болоод салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн "Фантастик продакшн"-ы ээлжит уран бүтээл Зура 2: Цурам ажиллагаа киноны нээлт өнгөрсөн баасан гарагт нижгэр болж өндөрлөв.

Манай сурвалжлах баг нээлтийн үйл ажиллагаа болж буй зочид буудалд очиход улаан хивсний ёслол эхлэхэд бэлэн болоод байв. Маш нарийн зохион байгуулалтайгаар олон хүний ая тухыг хангаж бэлдсэн нь хэний ч нүдэнд илхэн харагдав. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, хүндэт зочид, үзэгч тус бүрд өөрсдийн орон зайг бэлджээ.

Ингээд төд удалгүй нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Кинонд дүр бүтээсэн уран бүтээлчид, орлон тоглогчид, арын албаныхан гээд хүн нэг бүрийн нэрийг дуудаж улаан хивсээр алхуулав.

Энэ бүхний дундаас хамгийн эхэнд зураг авалтын үеэр ажилласан жолооч, тогооч тэргүүтний багийнхныг танилцуулж зарлав. Аливаа арга хэмжээ хүндэтгэлийн уулзалтад гол дүр болон даргыг эхэлж зарладгийг харж заншсанаас өөр өнцөг харсан нь тэр байв. Бага зэрэг ичингүйрч сандарсан тэдгээр хүмүүсийн царай, тэр мөч сэтгэлд тод үлдэв.

Кино шүүмжлэгчдийн зүгээс "Цурам ажиллагаа" кино өндөр үнэлгээ авчээ. Тэдгээр шүүмжлэгчид хэрхэн дүгнэснийг хүргэж байна.

Монгол Кино Продюсер "Энэхүү бүтээлээр Монгол кино урлаг яах аргагүй шинэ түвшинд гарч байгааг илэрхийлж байна. Өгч болох хамгийн дээд үнэлгээг, ялангуяа тулааны найруулга болон гүйцэтгэл дээр ийнхүү хамгийн өндрөөр үнэлэх нь зүй ёсны хэрэг юм.

Аливаа улс орны төрийн бодлогын тулгуур багана болох дээд зэргийн нууцлалтай, нэр нь хэзээ ч үл дурсагдах тагнуулчдын тухай бөгөөд манай хоёр хөрш орны дипломат харилцааны урт удаан түүхтэй ээдрээтэй бөгөөд маш эмзэг сэдвээр оролдох хэр баргийн уран бүтээлчдийн зориг хүрэхгүй байсныг гүйцэтгэлийн маш өндөр чанартайгаар хийж гүйцэтгэлээ.

"Фантастик продакшн"-ы ээлжит уран бүтээл уламжлал ёсоор цахиур хагалан, кино урлаг болон бизнесийн оройн дээд амжилтыг дахин үзүүлэх гайхамшигтай сайн болсныг гэрчилж байна" гэв.

Movie review with victor: "Би энэ кинонд ганц л юмыг сайн хэлж чадна. Тэд Монголын кино урлагийн цензурийг нэлээн дээш татчихлаа. Би лав өмнө нь хэзээ ч харж байгаагүй зураглал, action хэсгүүд, үзэгчдийн нүдийг хужирлах олон чимэг хэсгүүдтэй болон сайн жүжигчдээр зодсон тийм л бүтээл байсан. Үгүй нээрээ Монгол киног ингэж хийж болдог л юм байна гэж бодсон шүү." гэжээ.

Мөн нээлтийн хүндэт зочдын сэтгэгдлийг хуваалцъя.

"Киноны хил хязгаар Монголд үгүй болсон гэдгийг харууллаа"

МУГЖ Аглуу /Л.Баттулга/ "Юуны өмнө "Фантастик продакшн"-ы залуу уран бүтээлчдэд халуун баяр хүргэе. Миний хувьд "эйкшн" төрлийн кинонд дуртай. Маш том санаа агуулсан, залуусыг зөв зүйлд уриалсан, шударга, эх оронч байхын тулд юуг ч давж гарч чадах кино болжээ. Жүжигчин Ариунбямбад баяр хүргэмээр байна. Киноны хил хязгаар Монголд үгүй болсон гэдгийг харуулж чадсан бүтээл болжээ гэж бодож байна" гэв.

"Зура 2: Цурам ажиллагаа" кино сэтгэлийн утсыг хөндөж чадлаа

Жүжигчин Д.Бямбацогт: "Зура 2: Цурам ажиллагаа" кино сэтгэлийн утсыг хөндөж чадлаа. Эх орон, эх оронч үзэл гэж юуг хэлэх вэ гэдгийг харуулж чадсан гэж хувьдаа дүгнэж байна. Үнэхээр мундаг байна" хэмээлээ.

"Монголын кино урлагийг нэлээн хэдэн шат ахиулсан уран бүтээл болжээ"

"Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин "Сэтгэл маш өндөр байна. Монголын кино урлагийг нэлээн хэдэн шат ахиулсан, гайхамшигтай сайхан зураг авалттай, өнөөгийн нийгэмд дугарах ёстой зүйлийг зоригтой дугарч чадсан бүтээл болсон байна. Магадгүй энэ кино араасаа олон зүйл дагуулах байх. Харин тэрхүү дагуулах зүйлс нь амжилттай зүйл байгаасай гэж бодож байна. Монголынхоо олон кино хийдэг уран бүтээлчдийн хурцалж өгсөн бүтээл болсон байна. Монголын кино урлаг дэлхийд төдийгүй, азидаа хөл тавих цаг нь болсон гэдгийг харууллаа" гэлээ.

"Фантастик продакшн"-ы жүжигчин, СТА Э.Алдар "Киноны төгсгөлийг удаан хүлээсэн. Кинон дундуур хүмүүсийн сэтгэл их хөдөллөө. Манай "Фантастик продакшн"-ы зорьсон, өгөхийг хүссэн мессеж, илэрхийлэх гэсэн санааг ойлгосон байх гэж бодсон. Хүмүүс шоконд орсонд гайхсан. Танхимаасаа гарах уу эсвэл гарахгүй байсаар байх уу гэсэн байдалтай зогссоор байсан. Бид нарыг эхэлж танхимаас гарахгүй бол хүмүүс гарахгүй байсан. Маш сонин бөгөөд шинэлэг мэдрэмж төрлөө.

"Фантастик продакшн"-ы зүгээс надад гурван удаа санал тавьсан. Гурав дахь саналыг нь хүлээж авсан"

Жүжигчин С.Ариунбямба: "Аливаа шинэ киноны нээлт ямагт сайхан байдаг. Том баг бүрэлдэхүүн, олон сар хамтарч ажилласан том ажлаа хүлээж авсанд сэтгэгдэл өндөр байна. Үзэгчид халуун дотно, хүчтэй хүлээж авлаа. "Фантастик продакшн"-ы зүгээс надад гурван удаа санал тавьсан. Гурав дахь саналыг нь хүлээж авсан. Фантастик итгэл даасан, хариуцлагатай, мэргэжлийн байж, стандартад нийцүүлж ажиллаж чадлаа. Өмнө цэвэр "эйкшн" төрлийн дүрд төдийлөн тоглож байгаагүй, энэ кинон дээр маш их зодолдлоо. Тулааны хэсгүүдэд түлхүү ажилласан сайхан бүтээл боллоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сурвалжилгын эхэнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн "Фантастик продакшн" гэж онцолсны учир нь кино, дэлгэцийн салбарын үе үеийн шилдгүүд "Цурам ажиллагаа" киног үзсэнийхээ дараа бахархсан сэтгэл хөөрлөө барьж ядан байсан тэрхүү агшныг онцлон тэмдэглэсэн нь тэр байв.

Ерөнхийдөө Цурам ажиллагаа киноноос ойрын хоёр жилд улс төрийн хүрээнд болсон үйл явдал хийгээд тэдгээрээс бидний амьдралд нөлөөлсөн ойлгомжгүй үлдсэн үйл явдлын учир тайлагдаж, өөрсдийгөө толинд харах мэт мэдрэмжийг хүн бүр авна гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж энэ бол бодит түүх, баримтат кино биш уран сайхны кино гэдгийг уншигч танд сануулах нь илүүц биз ээ.

Ковид-19: Сүүлийн 24 цагт халдварын 72 тохиолдол бүртгэгдлээ
Ковид-19: Сүүлийн 24 цагт халдварын 72 тохиолдол бүртгэгдлээ
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.