Busan International Film Festival 2022 наадмын албан ёсны мэдээ зарлагдлаа.
Nomadia Pictures, Монголын Кино Бүтээгчдийн Холбоо болон Ж.Сэнгэдорж найруулагч нарын хамтран бүтээсэн “Худалдагч охин”/“The Sales Girl” уран сайхны кино нь 27 дахь “Бусаны Олон Улсын Кино Фестиваль”-ийн “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарлаа. Ингэснээр 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авлаа.
Азийн орнуудад зохиогддог фестивалиуд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн фестиваль болох “Бусаны Олон Улсын Кино Фестиваль” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. “A Window on Asian Cinema” хэсэг нь Азийн кино урлагийн салбарт өөрийн хэв маяг, онцлог бүтээлүүдээрээ цойлон гарч ирж байгаа нэр хүндтэй найруулагчид болон шинэ залуу найруулагчдийн сүүлийн үеийн шилдэг бүтээлүүдийг олонд таниулдагаараа онцлогтой юм.
“Худалдагч охин” уран сайхны кино нь “Осакагийн Азийн Кино Фестиваль 2022”-д өрсөлдөн Шилдэг дүрийн шагнал болох “Yakushi Pearl Award” шагналыг хүртсэн бол “Нью Йоркын Азийн Кино Фестиваль 2022”-д мөн сонгогдон өрсөлдөж Шилдэгийн шилдэг кино шагнал болох “Uncaged Award for Best Feature Film” шагналыг Эх орондоо авчираад байгаа билээ.