Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайдын томилгоог даваа гарагт УЗ, бүлгээр хэлэлцээд, мягмар гарагт ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРАА байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд
Ubn.mn

МАН-ынхан өчигдөр Цэцийн сүүдэр дор Үндсэн хуулиасаа “давхар дээл”-ийг “хазаарласан” заалтыг олонхоороо авч хаясан. 57 кнопыг тойрсон улс төр саарал ордонд өрнөж, МАН-ынхан О.Цогтгэрэлтэй тохиролцож, эх нь эцэхгүй, тугал нь турахгүйгээр асуудал хоёр тийшээ салсан юм. Харин энэ улс төр дунд хамгийн их хохирол амссан хүнээр Д.Ганбат шалгарч үлдэж байх шиг байна.

Ийнхүү МАН-ынхан өнгөрсөн наадмаар зурсан улс төрийн “хар зураг”-ныхаа Цэцийн хурал, Үндсэн хуулиа засах зэрэг “даалгавар”-уудыг амжилттай гүйцээж, туулах замынхаа 90 хувийг явж өнгөрлөө. Одоо тэдэнд шинэ Засгийн газраа байгуулах гэсэн сүүлийн бөгөөд хүндхэн шат л үлдсэн. Уг нь өнгөрсөн долоо хоногт Цэцийн тогтоолын дагуу шууд Засгийн газрын хуульдаа өөрчлөлт оруулаад, Засгийн газраа шинээр байгуулчихъя гэж гишүүд шахсан ч, Т.Доржханд тэргүүтний хариу хатгаасанд орж арга буюу Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулав.

Одоо тэдэнд ямар нэгэн хуулийн саад тээг байхгүй тул гишүүдтэйгээ сайдын суудлаа эцэслэн тохироод сайдуудаа томилох л үлдлээ.

Өчигдөр орой Ардын намын генсек Д.Амарбаясгалан Солонгосоос ирсэн. Өнөө маргаашдаа бүлэг, фрацуиуд нь эцсийн тохироогоо хийгээд даваа гарагт сайдуудын нэрсийг Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцүүлэх гэнэ.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч болон генсек тэргүүтнүүд “дан дээл”-тэй сайдуудыг багтаасан “алаг” Засгийн газар байгуулахыг шаардаж байгаа бол УИХ-ын гишүүд “их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэх логикийг баримталж буй.

Өнгөрсөн хоёр дахь өдөр хуралдсан даргын зөвлөлийн хурлаар ажлын өдрүүдэд асуудлуудаа хэлэлцэж амжихгүй бол бол хагас, бүтэн сайнд сунаж хуралдаад нэг мөр Засгийн газрыг томилж магадгүй гэх яриа гарсан гэдгийг эх сурвалж мэдээлж байсан. Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр Засгийн газар байгуулах үйл явцыг ирэх долоо хоногийн мягмар гараг гэхэд дуусгахаар эрх баригчид дотооддоо ярьсан гэнэ. Хагас бүтэн сайнд багтааж Засгийн газраа багйуулах боломж байгаа хэдий ч гадагшаа харагдах байдал нь онцгүй. Хэт албан тушаалд яарсан мэтээр олон нийэд шүүмжлүүлж, АН тэргүүтэй нөхдүүд үүнийг нь хөөрхөн улстөржүүлээд авна. Тиймээс нэгэнт ихэнх ажлаа нугалсан МАН-ынхан сайд томилох ажиллагаагаа ирэх долоо хоногийн эх рүү “шидлээ”.

Үүнээс цааш асуудлаа гацаавал төрийн албаны дунд шатныхан нь хамаг ажлыг сүйрүүлж гүйцлээ. Яам, тамгын газруудаар ажил биш хэн сайдаар ирэх бол. Ирсэн хойноо хэнийг халах бол гэхээс өөр яриа бараг л өрнөхгүй болоод хоёр долоо хоногийн нүүр үзэж байна. Энэ тодорхой бус байдлыг удаан үргэлжлүүлвэл эдийн засгийн хүндрэлтэй, төсөв санхүү, намрын их ажил эхэлж буй энэ цаг үед маш их хохирол амсана. Тиймээс алгуурлах зав МАН-д байхгүй. Хаашдаа заваарсан хойно, тултлаа заваараад л дуусцгаа.

Г.Лхагвадорж

Сургуулийн хувцас солих өрөөнөөс бусдын гар утас хулгайлж зугтсан 21 настай эмэгтэйг илрүүлжээ
Сургуулийн хувцас солих өрөөнөөс бусдын гар утас хулгайлж зугтсан 21 настай эмэгтэйг илрүүлжээ
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.