Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улсын урт хугацааны "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, суурь нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү бодлого нь 6 чиглэлийг хамруулж байгаагаас боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлтийг онцолж байна. Эдгээрийг оновчтой хэрэгжүүлснээр боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин өснө. Мөн эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ. Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, ДНБ буюу эдийн засаг 2 дахин тэлнэ гэж үзэж байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3 тэрбум ам.долларт хүрч, 3.8 хувиар буурсан байна. Манай эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөө үргэлжилж, үнийн өсөлт, тээвэр ложистикийн доголдол, бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хомсдол нийлүүлэлтийн сүлжээний хүндрэлүүд үргэлжилж байна. " гэлээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И "БНХАУ-ын Засгийн газар Монгол, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа. Хоёр улсын удирдагч нар хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэж ирсэн. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Тайвань, Шинжиан, Төвд зэрэг Хятадын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохоо эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэнийг сайшааж байна.
Цаашид Хятад улс Монгол Улсын улс төр тогтвортой байх мөн төр засагт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Сая таны дурдсанчлан хэд хэдэн сорилт бэрхшээл байгаа. Та бүхэн бэрхшээлийг даван туулж чадна. Мөн Шинэ сэргэлтийн бодлогыг 2025 он хүртэл бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний явцад Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш болно" хэмээлээ.