Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу банк болон жижиглэнгийн шатахуун түгээх газруудад иргэдийг ариун цэврийн өрөөгөөр хангах мэдэгдлийг хүргүүлжээ.
Хэрэглэгчдээс “банкнууд нь иргэд, үйлчлүүлэгчдийг ариун цэврийн өрөөг хэрэглэх боломжоор хангадаггүй, төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчиж, хохироож байна” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн байна.
Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан байдаг.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үйлчлүүлэгчдэд зориулсан, стандартын шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, олон нийтэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах мэдэгдэл хүргүүлсэн байна.