Нэвтрүүлэгч Д.Одзаяа болон түүний нөхөр С.Заяа нар Хөвсгөл аймагт аялаж зугаалах үеэрээ байгаль орчныг бохирдуулж, хог хаясан тухай мэдээлэл цацагдсан билээ.
Уг асуудалтай холбогдуулан Д.Одзаяатай холбогдож тодруулснаа хүргэе.
-Хөдөөгөөр аялаж зугаалж байхдаа хогоо цэвэрлээгүй гэх мэдээлэл цацагдлаа. Тэр постыг харсан уу?
-Дөнгөж сая хараад пэйж хуудас дээрээ албан ёсны байр сууриа илэрхийлэхээр бэлдэж байлаа. Тайлбар оруулахгүй бол гэр бүл, найз нөхөд маань гайхаж, залгаад байна. Тиймээс ийм мэдээлэл цацсан иргэнийг хайж олохоор ажиллаж байна. Нутгийн удирдлагуудтай нь холбогдож учрыг асуусан. Тэд ч тайлбар хийнэ гэсэн.
Гэр бүлийн найзуудаараа Хөвсгөл аймагт аялаж зугаалж яваа юм. Жил бүр Монгол орныхоо үзэсгэлэнт газраар зугаалдаг юм. Зугаалахдаа хогийн уут авч явахад хамгийн ихээр ач холбогдол өгдөг. Очсон газар бүрийнхээ хогийг цэвэрлээд уутлаж, хогийн цэг дээр аваачиж хаядаг. Хөвсгөл аймагт ч гэсэн яг энэ зарчмаараа л зугаалж байна.
-Энэ зураг дээрх газарт та нар очсон уу?
-Үгүй. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын удирдлагуудын урилгаар би хөтлөлт хийж, манай нөхөр дуу дуулсан. Тэгээд л арга хэмжээнээс хөдөлсөн. Энэ арга хэмжээ энэ газар болоогүй. Бид ч энд очоогүй.
-Та нар одоо ч Чандмань-Өндөр суманд аялаж явна уу?
-Үгүй, үгүй. Хөвсгөл аймгийн нутгаар ажиллаж явна. Бид майхантай аялаж яваа. Нэг ч хог үлдээхгүй цэвэрлэдэг. Үүнийгээ батласан ч болно. Ташрамд, асуудлын үнэн, худлыг тодруулахаар залгасан UBN.MN сайтын хамт олондоо баярлалаа.