Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын дөрвийн даваа үргэлжилж байна. Бөхийн барилдааны гурвын даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат бөх, аймгийн начин Ё.Улсболдод өвдөг шороодсон юм. Барилдааны дараа Э.Оюунболд унасандаа уурлан, Ё.Улсболдыг зодох гэж дайрсан бичлэг цацагдсан. Тэгвэл тэрбээр уг үйлдэлдээ хүлцэл өчиж, аавынхаа 49 хоногийг дуусгаад барилдсан учир сэтгэл санаа тогтворгүй, хямралтай байсан гэж тайлбарласан юм. Тиймээс уг асуудлаар улсын харцага Г.Ганхуягаас тодрууллаа.
-Арслан Э.Оюунболд аймгийн начин Ё.Улсболдыг цохьсон. Та Э.Оюунболдтой уулзаж, яагаад тэгснийг нь асууж үзэв үү?
-Тухайн үед би Э.Оюунболдын дэргэд байсан. Аавыгаа алдаад удаагүй байгаа. Энэ утгаараа сэтгэл санаа нь их хямралсан байна лээ. "Би ийм сэтгэл зүйтэй яаж барилдах юм бэ" гээд их уйлсан. Харахаас сэтгэл шимширмээр. Ё.Улсболдыг цохьсон асуудал нь унасандаа шатсан үйлдэл байх. Яг яагаад тэгснийг хэлэхэд хэцүү.
-Энэ үйлдэл нь ёс зүйн зөрчил мөн үү?
-Энэ асуудлыг Үндэсний бөхийн холбооноос шийднэ. Наадмын дараа бөхийн холбоо хуралддаг уламжлалтай. Хурлаар ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлыг авч хэлэлцээд хариуцлага тооцдог.
-Жишээлбэл, бөхийн холбооны дүрмээрээ ямар хариуцлага ногдуулах боломжтой байдаг юм бол?
-Барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасдаг.
-Ёс зүйн зөрчил гаргаад барилдах эрхээ хасуулж байсан бөх хэр олон байдаг вэ?
-Нарийн тоог хэлж мэдэхгүй байна. Ямартай ч барилдах эрхээ гурван сараар хасуулж байсан бөхчүүд бий.
-Улсын харцага Б.Одгэрэл гурвын давааны үеэр учраа таарсан бөхөө цохьсон. Энэ үйлдэл нь бас зөрчилдөө орох уу?
-Тийм зүйл болсныг мэдсэнгүй. Бөхийн холбооноос шийдэх байх. Миний хувьд бол ёс зүйн зөрчил гэж дүгнэнэ.