Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахим спортын “IHC Esports” багийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ.
Цахим спортын томоохон төрлүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийд нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай "Major Championship" тэмцээн тавдугаар сарын 9-нд эхлэх юм. "IHC Esports" баг Австралийн "Renegades" багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, тус тэмцээнд Монгол Улс төдийгүй бүсээ төлөөлөн оролцохоор болсон. Тэд өнөөдөр буюу тавдугаар сарын 5-нд Бельги Улсын Антверпен хотыг зорино. Энэхүү тэмцээнд дэлхийн бүс бүрээс шалгарсан 24 баг оролцох юм.
”PGL Major Antwerp 2022″ нэрээр зохион байгуулж буй дэлхийн аваргын төлөөх тус тэмцээн нь тавдугаар сарын 22-н хүртэл үргэлжилэх юм.