Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн гуравдугаар сарын 17 болон 19-нд болсон Монгол цэргийн баярт зориулсан барилдаан болон Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит барилдаануудад шөвгөрсөн 14 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Тэгвэл эдгээр 14 бөхөөс хоёрынх нь шинжилгээний хариу эерэг гарсан билээ. Шинжилгээнд бүдэрсэн хоёр бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа хэлээд, уучлалт хүсэж, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэдэг мэдээллийг өгсөн.
Үүнтэй холбогдуулан цахим орчинд допинг илэрсэн хоёр бөхийг улсын заан Ц.Одбаяр болон аймгийн арслан Д.Ням-Очир нар байсан гэх мэдээлэл тархаад байгаа юм. Бид уг мэдээллийг эх сурвалжаас тодруулахад Улсын заан Ц.Одбаяраас допингийн төрлийн бодис илрээгүй. Харин Архангай аймгийн харьяат аймгийн арслан Д.Ням-Очир, Өвөрхангай аймгийн харьяат аймгийн хурц арслан Б.Лхагвадорж нараас илэрсэн гэх мэдээллийг өглөө.