Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп болон Амбер Хөрд нарын маргааныг шүүн таслах хурал энэ өдрүүдэд үргэлжилж байгаа. Жонни Депп өөрийн хуучин эхнэр Амберийг өөрийнх нь нэр төрд халдсан, гутаан доромжилсон, гүтгэсэн хэмээн 50 сая доллар нэхэмжилсэн бол Амбер Хөрд өөрийгөө хохирогч хэмээн 100 сая долларын сөрөг нэхэмжлэл гарган зарга мэдүүлээд байгаа билээ.
Шүүх хурал 2 дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд 6 долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Одоогоор Жонни Депп болон түүний төлөөллийн гэрчүүдээс мэдүүлэг авах процесс үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл Амбер Хөрд ямар нэг мэдүүлэг өгч эхлээгүй байгаа юм.
Жонни хэлэхдээ "Тэр уурласан үедээ үнэхээр аймшигтай, юу ч хамаагүй аваад чулуудчихдаг. Тэр нэг удаа над руу архины лонх шидсэн. Үр дүнд нь би хуруугаа хүнд гэмтээж, тайруулах шаардлага гарсан" гэжээ.
Мөн Жонни Деппийн зүгээс Амберт бие болон сэтгэлийн ямар ч дарамт учруулж, халдаж байгаагүй гэдгээ мэдэгдээд байгаа.