Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 19 секунд

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав.

Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөд хяналт тавих шалгагчийг ажиллуулах гэрээ байгуулах эрхийг Нийтийн тээврийн газрын даргад олгосон байдаг. Энэ дагуу 2017 оны гуравдугаар сард байгуулагдсан “Сити баз консалтинг” ХХК-тай наймдугаар сарын 18-нд гэрээ байгуулжээ. Гэрээ есөн зүйл, заалтаас бүрдсэн бөгөөд дөрвөн удаа гэрээг сунгаж, өөрчлөлт оруулсан байна. Гэрээний гол зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг нэмэгдүүлэх байсан ч гэрээ байгуулснаас хойш орлого жил бүр буурчээ. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа биелүүлээгүй гэсэн үг юм. 2017 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум байсан бол 2018 онд 43 тэрбум, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж, 50 хувиар буурчээ. Гэсэн атлаа нийслэлийн төсвөөс гарч байгаа мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн байна. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 105 тэрбум болж өсжээ. 2015 оноос хойш 360 тэрбум төгрөгийг дээрх аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Сити баз консалтинг” компанитай байгуулсан гэрээгээ сар тутам дүгнэдэг ч хангалттай, бүрэн хангалттай гэж дүгнэдэг. Үзүүлэлтийг дүгнэх дүрэм, журам байдаггүй. Шүүхийн шийдвэр энэ гэрээг хууль бус, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж гарсан ч одоог хүртэл гэрээ үргэлжилж байгаа юм. Тус компанид гэрээ байгуулсан цагаас хойш 17.1 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн орлогоос өгчээ. Жил бүр 3-4 тэрбум төгрөг өгсөн боловч төсвийн орлогыг сайжруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс гэрээний хэрэгжилт бүрэн биелээгүй тул гэрээг цуцлах саналыг Ажлын хэсгээс гаргалаа.

Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг нэг тийш шийдэх цаг болсон гэдгийг тодотгоод, нийтийн тээврийн хотоос мөнхийн татаастай байдлыг цэгцэлж, зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгааг онцолж байв. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус гэрээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цуцлахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болгов.

ТАНИЛЦ: Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны ГИШҮҮД
ТАНИЛЦ: Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны ГИШҮҮД
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.