Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон ноцтой нөхцөл байдлууд нь Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан" гэлээ.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог дараах 11 УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар болжээ. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.
Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Т.Доржханд нар Хяналт шалгалтын түр хороо ажлаа явуулах хүрээ, хязгаарын талаар тодруулж, хуралдаан даргалагчийн зүгээс хариулт, тайлбарыг өглөө.
Ингээд Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, төсөл санаачлагч Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ.