УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.01.03/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ковид19-ийн үед Монгол Улс ДНБ-ий 20 шахам хувь буюу дэлхийн жишгээр асар өндөр зардал гаргасан. Үүний цаана манай улсын өр нэмэгдэж байгаа хэрэг. Гэтэл гаргасан өндөр зардлын үр дүнд олон мянган ажлын байр алдагдаж, уул уурхайн олон ордуудыг барьцаалан зээл авч халамж болгон тарааж байна. Эдийн засаг бус PR-аа эрчимжүүлсэн олон бодлогыг нүдээр үзэж, харж байна" гэв.
Харин Ардчилсан намын асуудлаар тэрбээр "Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын Дээд шүүхийн тогтоолыг албан ёсоор гардуулсан. Тус тогтоолд UB palace-т арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурлыг Улсын Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд тус хурлыг зарласан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд хүчин төгөлдөр юм.
АН-ын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй мэт олон нийтэд харагдаж байж болох. Үндсэндээ зөвхөн намын даргын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа болохоос биш хоёр талд үндэсний бодлогын хороо байгаа. Олонхийн талд байгаа Үндэсний бодлогын хороог хууль ёсны хүчин төгөлдөр гэж УДШ үзсэн. Тухайн хорооноос зарласан Онц их хурлыг ч хүчин төгөлдөр гэж үзсэн. Энэ нь өөрөө АН-ын төлөөлийн байгууллагыг хүлээн зөвшөөрч байгаа тул бид бүхний дараа дараагийн үйл ажиллагааны гарц гаргалгаа нээгдэж байна гэж харж байна" гэв.