Увс аймгийн Монгол Ардын Намын Хорооны Тэргүүлэгчид хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдыг огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.
Тэгвэл аймгийн ИТХ-ын даргаас гадна аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хууль бус үйлдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилахаар болсон байна. Тодруулбал, аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь Төрийн албаны хууль зөрчиж 90 гаруй төрийн албан хаагчдыг хохироосон нь Төрийн албаны зөвлөлийн шалгалтаар илэрсэн. Мөн хамаарал бүхий этгээдүүддээ Улаангом хотын А зэрэглэлийн газруудыг эрх мэдлээ хэтрүүлэн хууль бусаар олгосон нь АТГ-т хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Тиймээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлмэгц Монгол улсын Ерөнхий сайдад уламжлана гэжээ.
Сануулахад, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр болж, Увс аймгийн Засаг даргад Ч.Чимэд олонхийн санал авчээ. Улмаар томилуулахаар нэрийг нь Ерөнхий сайдад уламжилсан ч тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх Ч.Чимэдийг Увс аймгийн Засаг даргаар батламжилахаас татгалзаж байсан билээ.