Манай улсад өнөөдрийн байдлаар 500 мянга гаруй иргэн дархлаа дэмжих тун болох гуравдугаар тунд хамрагдаад байна. Энэ нь нийт хүн амын 16 хувийг эзэлж байна. Гуравдугаар тун вакцинд хамрагдсанаар өмнөх хоёр тун вакцины нөлөөлөл сайжирч, ковидын халдвар авсан ч хүндээр өвчлөх эрсдэл бага байх аж. Дархлаа дэмжих гурав дахь тун вакцинд хамрагдсан иргэд үүнтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
Иргэн 1: Миний хувьд гуравдугаар тунг үр дүнтэй гэж бодож байна. Есдүгээр сарын эхээр гурав дахь вакцинаа хийлгэсэн. Эргэн тойронд хүмүүс халдвар аваад байхад би одоо хүртэл халдвар авалгүй эрүүл саруул яваад л байна. Би их сургуульд багшилдаг, багш хүнийхээ хувьд оюутнуудаа аль болох гуравдугаар тундаа хамрагдахыг байнга зөвлөдөг. Ямар ч байсан миний өөрийн туршлага, ажиглалтаас үзэхэд гурав дахь тун өндөр үр дүнтэй байна" гэсэн юм.
Иргэн 2: "Вакцин хийлгэхэд заавал төр эсвэл хэн нэгнээр шаардуулаад байх албагүй шүү дээ. Нөхцөл байдал ямар байгаа гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлаад, вакцины талаар уншиж судлаад хийлгэх хэрэгтэй. Энгийн амьдралдаа ороход иргэн хүний зүгээс хийж чадах хамгийн чухал үйл нь дархлаажуулалтад хамрагдах гэж бодож байна. Би сарын өмнө ковид тусаад эдгэсэн. Тусахаас өмнө халдвар авсан хүнтэй хамт байсан. Ажлынхан гэр бүлийнхэн гээд бүгд туссан учраас халвдар авах нь тодорхой байсан. Харин маш хөнгөн туссан. Эргэн тойрны хүмүүсээс яг гурван тундаа хамрагдсан хүмүүс л хөнгөн тусаад, хурдан эдгэж байсан. Харин гурав дахь тунгаа хийлгээгүй хүмүүсийн хувьд ихэнх нь хүндрээд зарим нь эмнэлэгт хүртэл хэвтсэн. Тухайн үед азаар гуравдахь вакцинаа хийлгэсэн нь болжээ гэж бодож байсан" гэлээ.
Иргэн 3: "Хүмүүс вакцин сайн, муу гээд хоёр хуваагдаж байгаа ажиглагдсан. Миний хувьд гурван тун вакциндаа хамрагдсан. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, хоёрхон жилийн хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн. Өмнөх энгийн амьдралдаа орж, амны хаалтгүй гадуур явахыг хүсэж байна. Тиймээс бусад хүмүүсийг дархлаажуулалтдаа заавал хамрагдаж юунд ч хоригдож, хязгаарлуулахгүй өмнөх амьдралын хэв маягтаа орцгооё гэж уриалж байна" гэдгээ илэрхийллээ.
Иргэн 4: "Миний хувьд дархлаагаа дэмжиж, аль болох халдвар авахгүй байхын тулд гуравдугаар тунд манай улс анх хийж эхлэхэд л хамрагдсан. Түүнээс хойш олон удаа ковидын ойрын хавьтал болсон одоогоор тусаагүй байна. Нөхцөл байдал хаа сайгүй эрсдэлтэй байгаа ч халдвар авахгүй байгаа нь вакцины нөлөө гэж бодож байна. Хэдийгээр вакцин хийлгэх чухал ч гэлээ дан ганц вакцинд найдах бус хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл олон байгаа. Өөрөө хэнэггүй байдлаасаа болоод халдвар авчихаад вакцин үр дүнгүй байна гэж ярих нь маш буруу. Бүрэн дархлаажуулалтаддаа хамрагдсан бол халдвар авсан ч хүнд тусахгүй гэж ойлгож байгаа. Манай гэр бүлийнхэн бүгд гурав дахь тундаа хамрагдсан. Мөн гадаад улсууд руу зорчиход вакцин хийлгэсэн байх шаардлагатай" гэв.
ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар вакцины III тун нь нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ 7-14 хоногт эсрэг биет дөрөв дахин өссөн үр дүн үзүүлсэн. Гурав дахь тун вакцинд хамрагдах эсэх нь тухайн иргэний эрх хэдий ч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буйн илрэл болох юм.