УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах гэж байна. Үүнийг дэмжинэ. Гэхдээ нэг том чухал асуудал орхигдоод байна. Эдийн засгийн хөгжлийн яаманд хүний хөгжлийн асуудлаа яаж оруулж байгаа вэ. Манай улсад хүний хөгжлийн бодлого маш их алдагдаж байгаа. Хүнээрээ хүн хийдэг ардын ухаан, уламжлалт зан заншлаа сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд алдаж байна. Ингэснээр ёсзүйн асуудал, чадваргүй мэргэжилтнүүд бий болж байна. Хүний хөгжлийн бодлогыг боловсруулдаг, түүнийгээ авч явдаг ямар ч институци байхгүй. Монгол Улс ямар хүнтэй, ямар иргэнтэй байх нь хүний хөгжлийн бодлогоос шууд хамаарна. Тиймээс шинээр байгуулагдах яаманд үүнийг тусгах уу"
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Засгийн газраас орж ирсэн төсөлд ЭЗХЯ-нд дан ганц эдийн засгийн асуудлыг хариуцуулахаар чиг үүрэг нь орж ирсэн. Ажлын хэсэг ярилцаж байгаад энэ яаманд эдийн засгийн асуудлаас гадна хүний хөгжлийн бодлогын асуудлыг оруулахаар болсон. Хүний хөгжилтэй холбоотой бодлогын асуудлыг ЭЗХЯ тодорхойлох ч хэрэгжүүлэхийг ХНХЯ хариуцна.
Мөн хүн амын нутагших, суурьшлын асуудлыг ч ЭЗХЯ-нд хариуцуулахаар болсон" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.