Ковидын түр хороо хуралдаж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар мэдээлэл өглөө. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "УОК, Эрүүл мэндийн яамны мэдээллийг сонслоо. Вакцины 1, 2 дугаар тунгаа хийлгээд вакцины үйлчлэл 1-6 сар тул гуравдугаар тунг хийсэн. Үйлчлэл нь дуусахаар 4 дүгээр тунгийн асуудал яригдах уу. Хүн ингэж олон вакцин хийлгэх нь зөв үү. Унаган дархлаа нь яах вэ. Мөн коронавирус аяндаа жирийн ханиад болно гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл бий юу. Монгол Улс 6 их наядыг ковидод зарцуулсан хэрнээ халдвараа дарж аваагүй байна. "
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Бид гадна, дотны судалгаа хийгээд явж байна. Судалгааны үр дүн гарсан учраас нэмэлт тунг хийлгэсэн. Байгалын дархлааны талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өгөх болно. Коронавирусийг судалсаар л байгаа. Цаашид ямар хэлбэрийн, ямар эмнэл зүйн шинж тэмдэгтэй үргэлжлэх нь тодорхойгүй байна. Улирлын томуу шиг хэлбэрт шилжихийг үгүйсгэхгүй. Эм, эмчилгээ шинэчлэгдэж байна. Жилд нэг удаа вакцин гаргах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. 5.8 их наядын талаар ярьж байна. Эрүүл мэндийн салбарт 2020, 2021 онд гадны зээл тусламж хандив, улсын төсвийн тодотголоор орж ирсэн 757 тэрбум төгрөгийг зарцуулсан" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.