Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг өнөөдөр явуулахаар болсон.
Тэгвэл нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Баянмөнх, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож, саналаа өгнө. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй гэдгийг СЕХ-ноос мэдэгдсэн юм. Ингэснээр нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд болно.