ГЕГ-аас Гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед гадагш зорчиж буй иргэд тухайн улсын хил гааль дээр эд зүйлсээ хураалгах тохиолдол их гарч байгааг албаныхан мэдээллээ. Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар "Монгол Улсын Засгийн газраас хилийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан манай улсын иргэдийн гадаад улс руу зорчих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Иргэд гадаад улсад зорчихдоо Монгол Улсын хилээр гаргахыг хориглоогүй боловч тухайн зорчин очих улсын хууль тогтоомжоор хориглолт, хязгаарлалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явснаар хил дээр саатуулагдах, бараа бүтээгдэхүүнээ хураалгах, зөрчил шийтгэл хүлээх тохиолдол гарч байна. Тухайлбал, БНСУ-ын гаалийн хууль тогтоомжоор өдөр тутамдаа хэрэглэдэг сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, уламжлалт эм тан зэргийг хилээр оруулахыг хязгаарласан байдаг. Иймд иргэд зорчин явахын өмнө тухайн улс орны хууль тогтоомжийг судалж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлийн талаар мэдээллийг тодруулах хэрэгтэй" гэлээ.