Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд зогсонги байсан боловсролын байгууллагын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нд хугацаа ёсоор эхэлсэн. Тухайлбал, их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхлээд байсан билээ. Боловсролын сайдын тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн их, дээд сургуулиудын танхимын сургалт албан ёсоор эхэлж байна.
2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 88 их дээд сургуульд 147293 оюутан суралцана. Их, дээд сургуульд нийт 11970 багш, ажилтан ажиллаж байгаа юм.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын төлбөр нэмэгдэхгүй. БШУЯ-наас гаргасан журмын дагуу өмчийн хэлбэр үл харгалзан сургуулиуд сургалтын төлбөр нэмэхгүй байх, төлбөрийн уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн авах чиглэл өгөөд буй.