Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Дэврүүн хүсэл, гэгээн мөрөөдлөөр дүүрэн “Ургацын талбай“-гаар зочилсон тэмдэглэл

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
7 минут 37 секунд

Шил шилээ даран ургасан тариан түрүү ганхаж, шинэ ургацын төмс хөхөндөө цадан, мяраа суусан нярайн хацар шиг минчийх нь хонь малаас холдож үзээгүй малчны хүүхэд надад их сонихон.

Ургац хураахаар ирсэн оюутан залуус, нутгийн тариаланчдын дуу намрын өнгөтэй сүлэлдэж, нүүдлийн шувууд, нарны илчийг нь үгүйлэхүйеэ сэтгэл дэвэлзэж, бие жинддэг энэ зөөлөн шаргал өнгөнд сэтгэл баясан явахдаа энэхүү сурвалжилгаа бэлтгэлээ.

Тэртээ өнгөрсөн зууны дундаас хойш, социализмын гэж нэрлэгдэж байсан тэр цаг үед өнөөдрийнх шиг намрын ажил ундарч, газар газраас цугласан оюутан залуус улс орныхоо төлөө ажиллаж, амьдарч байна.

"Энэ жил намрын ажилд оюутнуудыг оролцуулна" гэх мэдээллийг сонссон миний хувьд бидний аав, ээжийн оюутан ахуй цагийн хамгийн мартагдашгүй намар болон үлддэг байсан тэрхүү дурсамжийг өөрийн биеэр үзэж, харах дэврүүн хүсэл минь биелэх шиг болсныг нуух юун. Тиймээс ургац хураалтын ажил дөнгөж эхэлсэн даруйд Монголын залуучуудын холбоонд хүсэлт тавьж, энэхүү сурвалжилгаа бэлтгэж буй нь энэ билээ.

Нарны туяа, төмсний шаргал гадаргуунд нэвчин бие биедээ эрхлэх шиг, тариан талбайд хаа хүрэхээ мэдэхгүй шувуу ганц нэг нисэн бууж, ургац хураах залуусын баяр хөөртэй инээд тэнгэрийн цээлд цуурайтсан энэ талбай бол Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуй.

Хөөр хөгжөөн дүүрэн ургац хураалтын өрнүүн ажилд хүч нэмэхээр МУИС, ШУТИС, Их засаг, БХИС зэрэг сургуулиудаас цугласан 50 гаруй залуус ажиллаж байгаа нь энэ. Залуу хүмүүс л болсон хойно тэдний дунд хайр сэтгэлийн гал асаж, нэг нэгнээсээ ичингүйрэх, тэр ч бүү хэл тэртээх 1970 оны залуус шиг захиа, шоколадыг нууцхан өгөлцөж амждаг гэсэн шүү.

Аз таарч олдсон зүрхэн хэлбэртэй төмсийг халаасандаа хадгалж, зүс таних охинд хүүхэд шиг толгойгоо илж ичингүйрэн өгөх энэ залууг Н.Болдхэт гэдэг. Ургац хураалтад ирсэн өдрөөсөө хойш “Краш”-лсан түүнийгээ оройн галын наадмын үеэр даарчих вий хэмээн санаа зовохдоо өөрийн нөмөрдөг хөнжлөөрөө хучин халамжилна.

Ургац хураалт, тариалангийн талбай гэхээр уйтгартай, гунигтай ажил гэж төсөөлдөг байсан миний бодлыг энэ залуус зуун хувь эргүүлж орхив.

Чөлөөт цагаараа ном унших, волейбол тоглох, иог хийх гээд тэд цагийг ер нь үр бүтээлгүй өнгөрүүлж харагдсангүй. Ихэнх нь ажил хийж олсон хөлсөөрөө "сургалтын төлбөрөө төлөх, хувцас хэрэглэлээ бэлдэхэд нэмэр болно доо" хэмээн хариулж сууна.

Ядрахаа мэдэхгүй ажиллаж, цуцахаа мэдэлгүй хөгжилддөг энэ залуусын норм нь, нэг хүн өдөрт 35 шуудай төмсийг уралдан хураадаг гэнэ. Нэг шуудай төмсийг 1200 төгрөгийн хөлсөөр хураадаг бөгөөд тэдний ахуй амьдрал, ар гэрт хэмжээлж баршгүй их тусыг хүргэх биз ээ.

Ингээд бид залуусын төлөөлөлтэй нөхцөл байдал хэр байгаа талаар ярилцлаа.

"Намайг Д.Энхзул гэдэг. Би ШУТИС-ийн цахилгаан хангамжийн ангийн хоёрдугаар түвшний оюутан. Өмнө нь зусланд явахдаа ийм мэдрэмж авч байгаагүй. Энд ирээд маш гоё байна. Ирсэн өдрөө 35 шуудай төмс хурааж дээд амжилт тогтоосон. Бусад залуусдаа хандаж хэлэхэд ангийнхантайгаа ч, ганцаараа ч бай ирээд үзээрэй гэж хэлье" хэмээсэн юм.

Харин Майдарбатын хувьд эргэн тойрныхныгоо байнга инээлгэж ёстой л нөгөө "элэг авагч" гэдэг шиг хөгжилтэй залуу байв. Тэрбээр "Би цалингаа аваад хэнтэй ч уулзахгүй алга болно хэмээн хошигнож, авсан цалингаараа сургалтын төлбөртөө нэмэрлэх, хувцас хэрэглэлээ бэлдэх гээд ажил их байна. Ернь хүний хэрэгцээ их юм" гэлээ.

Биднийг очихтой зэрэгцэн Залуучуудын холбооны хөдөлмөрийн биржийн захирал Т.Энхмөрөн очсон байлаа. Тэрбээр, "Одоогоор энэ ажилд 300 гаруй оюутан ажиллаж байна. Цаашдаа 5000 гаруй оюутнуудыг хамруулна. Хүүхдүүд минь их л эрч хүчтэй цоглог ажиллаж байна даа. Манай хүүхдүүд нэгэндээ элгэмсэг тусч, багаар ажиллах чадвар өндөртэй ажиллаж байна" хэмээн ярьлаа.

"Байгалийн сайханд иог хийх нь илүү үр дүнтэй"

Өглөө нар ургахтай зэрэгцэн бидэнтэй хамт хоёр залуу бослоо. Нэг нь иог хийдэг Цэрэнсувд, харин нөгөө нь 50 оюутнаа удирдах үүрэгтэй Э.Баярзул. Ургац хураахын зэрэгцээ өглөө эртлэн босож иог хийгээд ядрахгүй байна уу гэхэд, "Байгалийн сайханд иог хийх нь илүү үр дүнтэй санагдаж байна. Бусдыгаа ч гэсэн уриалж байгаа шүү" хэмээн мишээл тодруулна.

Биднийг орой буцахын өмнө галын наадам хийлээ. Галын наадмын үеэр нутгийн тариаланч Энхчимэг "Энэ залуусыг харахаар л залуу нас санаанд орох юм. Залуудаа Зил-130 машины ард дуулаад л ургац хураалтад морддогсон. Би чамд ер нь дуулж өгье.

"Намрын салхинд үелзсэн

Найгал сайхан долгиотой

Наран хурын шим юм аа хө

Навчин ногооны дээж юм аа хө

Ургацын далай ургацын далай" хэмээн хангинатал дуулж өгсөн сөн.

Ийнхүү ургацын талбайд залуу насныхаа эрч хүчээр, өглөө мандахын улаан нарнаас үдшийн сэрүүн орох хүртэл цуцалтгүй ажиллах залуусыг сурвалжилсан нэг өдөр маань өндөрлөх болсон юм. Аргагүй л залуусын хүчээр ярайтал босч ирсэн 1970-аад оны бидний нийгмийн амьдрал яагаад тийм эрчтэй, бас хурдтай байсан гэдгийг бага зэрэг ойлгох шиг сэтгэгдэл төрсөн юм. Залуучуудын гэгээн тэмүүлэл, хиргүй тунгалаг ажил хөдөлмөр ямар ч ажлыг босгоод ирж чаддаг ажээ. Дээр нь зүгээр суухын оронд орлого олох, төлбөр мөнгөндөө нэмэр болох зорилго нь өнгөрсөн хугацаанд бидэнд төлөвшиж амжаагүй яваа тэрхүү орон зайг нөхөж эхлэх мэт.

Ингээд ургацын талбай дээр өнжүүлсэн бидний "аялал" өндөрлөх болоход 25 жил ургац хураалтад зүтгэсэн тракторын дуу алгуурхан холдож сэтгэлээс нэг тийм гэгэлгэн зүйл зүүгдээд байх шиг санагдсан даа.

Ай даа намар цаг аа гэж...

Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.