Коронавирусийн халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, халдвараар нас барагсдын тоо 570 гарлаа. Гэтэл Монголын төр засаг өнөөдрийг хүртэл нас барагсдын ар гэрийнхнээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлсэнгүй. Харин ч цахим наадам, Ардын хувьсгалын 100 жил, тус ойд зориулсан одон медаль хийх зэрэг асуудалд анхаараад тун шиг завгүй байна. Бүр эдийн засаг элгээрээ хэвтэж, өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлчихээд санаа зовсон ч зүйлгүй "ШИЛДЭГ ЯАМ", "ШИЛДЭГ АЙМАГ"-аа шалгаруулсаар байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнөөх шагналыг нь гардуулж байх юм. Тодруулбал, Сангийн яам, ХЗДХЯ зэргийг "Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн өнгөрсөн оны амжилтаараа төрийн захиргааны төв байгууллагуудаа манлайлсан байна тул “ШИЛДЭГ ЯАМ”-ны нэгээр шалгаруулж байна гэнэ. Бас болоогүй, Шилдэг аймгаар Сэлэнгэ аймаг, Ховд, Өвөрхангай зэрэг таван аймгийг тодруулж.
Хэдийгээр өнгөрсөн оны ажлаа дүгнэсэн байж болно. Гэхдээ л иргэд өнгөрсөн хоёр жилийн турш цар тахалтай тэмцэж, чадлаараа хичээж байна. Гэтэл сонгууль хийж, шоудах болохоороо дураараа доргичихоод, халдварын тоо ихсэнгүүт ард иргэд ухамсаргүй байлаа, халдвар хамгааллын дэглэмээ барьсангүй хэмээн чихэж суудаг, төр засаг маань одоо бүр шилдэг, суперээ шалгаруулж суугаа нь хэр зохимжтой юм бол доо. Цар тахлын сөрөг нөлөөгөөр иргэд ажлын байраа алдаж, орлого нь тасарч хоногийн хоол, зүсэм талхаа бараг ширхэглэн авч байна. Дараалан тогтоосон хөл хорио, цар тахлын эсрэг бодлогогүй, унхиагүй “тэмцэл”-ээс чинь болж аж ахуйн нэгжүүд эхнээсээ дампуурлаа зарлаж, үүдээ хаалгаа барьж байна.
Гэтэл хариуцлага хүлээх дээрээ тулчихаад байгаа Ц.Нямдорж сайд та, Монгол Улсын Засгийн газар юун, шилдэг яам тодруулаад байгаа юм бэ. Хаа хаанаа бас жаахан мэдрэмжтэй, сэтгэлтэй, ичих нүүртэй байвал яасан юм бэ. Дарга нар аа...
Б.Золбоо