Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас /Монгол Улсаас авто тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй/ 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс тээврийн хөдөлгөөнийг хааж, 4 дүгээр сарын 07-ны өдрөөс БНХАУ-ын талаас Монгол Улсаас өдөрт 20 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 50 тээврийн хэрэгсэл, 4 дүгээр 15-ны өдрөөс 100 тээврийн хэрэгсэл хүлээн авч байгааг улс хоорондын ачаа тээвэр эрхэлж буй аж ахуй эрхлэгч, хувь жолооч нар урвуугаар ашиглаж импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн үнийн хөөрөгдөл үүсгэсэн бөгөөд ачаа тээврийн үнийн хөөрөгдөлөөс болж нарийн ногооны хангамж, нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүссэн бөгөөд нарийн ногооны үнэ дунджаар 1 кг тутамд 22.2 хувиар өссөн.
Импортын бараа бүтээгдэхүүн болох хүнсний ногоо /нарийн ногоо/, жимс жимсгэнийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд 20,000,000-30,000,0000 төгрөгөөр тээвэрлэсэн иргэн, аж ахуй эрхлэгчдийн үйлдэлд холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тээвэр гүйцэтгэсэн есөн иргэн, нэг аж ахуй эрхлэгчдэд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчсөн нь баримтаар тогтоогдсон тул 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээвэр гүйцэтгэсэн есөн иргэн, нэг аж ахуй эрхлэгчдийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу нийт хууль бус орлого болох 243,000,000 төгрөгийг хурааж, 3,000,000 төгрөгийн торгуулийг оногдуулах шийдвэрийг гаргасан.