Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН-тай нэгдэх болсноо зарласан. Удалгүй албан ёсны шийдвэрээ гаргаж, түүнийг нь Дээд шүүх, Улсын бүртгэлийн газар баталгаажуулж авснаар тэдний он удаан жилийн хуваагдал цэг тавигдсан. Тэдний хооронд МАХН-ын гишүүдийг бүх шатны намын байгууллага, удирдах албан тушаалд 30 хувийн квот өгч шууд байршуулах тохироо хийгдсэн гэж албан ёсоор зарласан. Тохироо ч эрчимтэй хэрэгжиж МАН-ынхан сонгуулийн өмнө бүх үүрүүддээ МАХН-ын гишүүдийг квот ёсоор оруулж 100 жилийн хүндэт тэмдгээ гардуулсан. Ёстой л өмнөд, хойд Солонгосын салсан ах дүүс уулзаж байгаа мэт "романтик" үйл явдал орон даяар болоод өнгөрсөн билээ. Гэтэл хуримаа хийгээд бал сар нь ч дуусаагүй байтал МАХН-ынхан араараа тавиулж, "их санасан газар есөн шөнө хоосон" гэгчийн үлгэр боллоо.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулмагцаа МАХН-тай хийсэн тохирооноосоо буцаж эхэлсэн. Сонгуулийн өмнө өдөр алгасахгүй уулзаж байсан МАХН-ын ажлын хэсгийнхнийг МАН-ынхан хүлээж авч уулзахаа больсон гэв. Засгийн бүрэлдэхүүнд орох тохироотой явсан Э.Эрдэнэжамъяан, Б.Тулга гэх мэт залуус МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын өрөөг сахиад уулзаж чадахгүй байгаа гэв.
МАН-ын зүгээс “МАХН-аас Засгийн бүрэлдэхүүнд оруулна гэж тохироогүй, шат шатны намын байгууллагад л квот өгнө гэж тохирсон. МАХН-аас ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс бага хуралд орж болно. Өөр яриа байхгүй” гээд тас гүрийх болсон сурагтай. Харин УИХ-ын нөхөн сонгуульд Э.Батшугарыг дэвшүүлэх тохироо хэвээрээ гэв. Үүнээс үзэхэд, Н.Энхбаяр хүүгийнхээ нэр дэвших мандатаар нөхдөө, залуучуудаа наймаалсан байна.
Сонгуулийн дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд сэлгээ хийгдэж МАХН-аас хоёр сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, нэг дэд сайд төрнө гэсэн яриа газар аваад байсан. Гэтэл одоо МАН-ынхан ямар ч яам өгөхгүй гэж байгаа бололтой. Аргаа барсан МАХН-ынхан ганцхан яам өгчих гэж гуйж явах болсон гэж сарнайтай байрныхан шивэр авир хийх боллоо. Энэ яриа нь явсаар ганц дэд сайд дээр бууж дуусна гэж мэргэ төлгөд буусан ч гэх шиг. Ийм л нэг ээлжит хулхидалт цаанаа чинь болж байгаа бололтой.
МАН, МАХН-ны нэгдлээс У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар хожоотой гарлаа. Харин Н.Энхбаярыг дагаж гүйсэн хэдэн зуун залуучууд "хад мөргөлөө". Тэднийг бага хуралд л орвол ор гэж байгаа нь үнэндээ тавласан хэрэг. Учир нь тэднийг МАН-ын бага хурлын гишүүд хүрээлэлдээ оруулахгүй, тэдэнд албан тушаал оногдохгүй, дээр нь өндөр хураамж төлнө. Нам татан буугдсан, нэрээ сольсон тохиолдолд МАХН гэдэг нэрээ эргэж сэргээгээд буцаад гарах гарц байсан. Гэтэл МАХН нь албан ёсоор МАН-тай нэгдсэн учраас тэд буцах ч газаргүй болсон байна. Том ах нарынхаа тоглолтод орсон тэд инээх хэцүү, уйлах эвгүй саарал ордон, сарнайтай байрны хооронд өдрийн хэд жороолдог ажилтай болсон ажээ.