1050 төгрөгөөр худалдаалагдаж байсан "Арбидол" эм цар тахлын үед 38800-42000 болсон гэх шүүмжлэл цахим орчинд өрнөж байна. Тэгвэл уг асуудлыг ШӨХТГ-аас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, иргэдийн зүгээс уг эмийн үнийг хөөрөгдүүлж, дамлан худалдаалж байгаа тухай гомдлын мөрөөр эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг эхлүүлсэн байна. Хяналт, шалгалтын зорилго нь коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнэд хяналт, шалгалт хийх юм. Мөн вирусийн эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана. Түүнчлэн COVID-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлэх аж.