Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат эхнэрийн хамт халдвар авч эмнэлэгт хэвтсэн. Тэрбээр 10 хоногийн турш эмчлүүлж байгаад бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Энэ талаар түүний эхнэр Д.Оюунцэцэг цахим хуудаснаа бичжээ. Тодруулбал, "Өнөөдөр сайхан мэдээтэй. Энхбат хань минь эмнэлгээс гарлаа. Миний ПСР шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул манай хүн ном журмын дагуу сонгуулийн сурталчилгаа, хаалтын ажлаа бүгдийг тэр дор нь зогсоогоод багаараа шинжилгээнд хамрагдаж халдвар илэрсэн хүмүүстэйгээ бүгд эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтанд ороод зохих журмын дагуу эмчилгээ хийлгээд гарлаа. Энэ хугацаанд ковидын үед илрэх ёстой гэж заасан халуурах, амт үнэр алдах, амьсгал хүндрэх, цээжээр нь өвдөх гээд ганц ч шинж тэмдэг нь түүнд байсангүй ээ. Хамраас нь нус ч гоожсонгүй. Эмч нар маш сайн хянасан. Журмынхаа дагуу эмчилгээ хийсэн. Миний хувьд мөн адил, эдгээр зовиураас нэг нь ч илрээгүй. Харин хурц үнэрт маш мэдрэмтгий, харшлын шинжтэй ханиалгаад байлаа. Энэ хугацаанд мөн адил, ковидын ямар нэгэн заалттай шинж тэмдэг илрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Хүн бүрийн биеийн эсэргүүцэл, онцлогоос ихээхэн шалтгаалдаг юм болов уу гэсэн бодол төрөв.
Бид хоёрын биеийн байдлыг нэгэн эмч “Хүнд, хүндэвтэр” гэж тодорхойлон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тухай олон хүн над руу бичиж, санаа нь зовон асууж байлаа. Тэр хүмүүсдээ машид ихээр баярлалаа. Бодит байдлыг үнэнээр бичих хэрэгтэй гэж бодов. Эмчлэгч эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтнуудын нүдэн дээр ил байгаа зүйл. Энхбатын сонгуулийн үйл ажилтай холбоотойгоор, нэгэнт ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсны хувьд бидний эрүүл мэндийн байдлыг УОК-н дэргэд ЭМЯ-ны мэргэжлийн эмч нар эндээс очиж байгаа бүх үзүүлэлт, эмчилгээний үр дүн, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэж байнга зөвлөж байсан гэдэг. Бодит байдал ийм л байна. Эмч, сувилагч, бүх ажилтнуудад талархаж байна.
Бүгдэд маш их баярлалаа. Бие биедээ эерэг байж, ковидод эсрэг байгаарай" гэжээ.