АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад 7 хонож байна. Улмаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН, АН-ын гишүүдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж байна.
Харин дөнгөж сая /17.30 цагт/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нар Сүхбаатарын талбайд гарч ирэн мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "АН-ын бүлгийн гишүүд тодорхой санал тавьсан. Тэр саналуудыг бид хүлээж авсан. Тухайлбал,
1-рт: АН-ын тамга тэмдэг өгсөн асуудал хууль дүрмийн дагуу явсан эсэх, УБЕГ-ын зарим албан хаагчид ажлаа зөв хийсэн эсэх, үүнд ажлын хэсэг хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргана.
2-рт: Улсын дээд шүүхийн Тамгын газраас улстөрийн намын дагуу лавлагаа гаргасан. Тамгын газраас гаргасан лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргана. Дээд шүүх биш Захиргааны байгууллагыг нь хэлж байна шүү.
3-рт: СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар ТББХ-нд мэдээлэл сонсоно. Хууль дүрмийн дагуу явж байгаа эсэхэд мэдээлэл сонсоно.
4-рт: АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т төрийн зарим албан хаагч нартай холбоотой гомдол гаргасан. Уг асуудалд АТГ ямар арга хэмжээ авч байгаа эсэх талаар мэдээлэл сонсоно. Гэхдээ хуулиа баримтална.
5-рт: УИХ-ын даргын захирамжаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах УИХ-д өргөн барих ажлын хэсэг ажиллана. Бэлтгэл ажил хангагдсан. Бүх намууд оролцоно. УИХ-аас гарах ажлын хэсэгт манай ажлын хэсэг үүсээд байгаа нөхцөл байдал, бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргаж өгнө" гэлээ.
Улмаар АН-ын бүлгийнхэн өлсгөлөнгөө зогсоож байгаагаа мэдэгдсэн юм.