Чех улсын Усти-над-Лабем хотод эрэгтэй, эмэгтэй боксчдын уламжлалт "Гран при" олон улсын 51 дэх удаагийн тэмцээнд оролцож байгаа Монголын 8 боксчин медалийн болзол хангажээ. Тухайлбал,
- Эрэгтэй тамирчдаас 52 кг-ын жинд Хархүүгийн Энхмандах энэ сарын 6-ны үдэш медалийн төлөө Италийн Мануель Фабрицио Каппайтай тулан ялж, хагас шигшээд Германы Гоман Кристофертэй өнөөдөр тулалдана.
- Азийн аваргын хүрэл медальт Хархүүгийн Энх-Амар 56 кг-д медалийн төлөө Унгарын Габор Вирбантай тоглон 2-р үед хүнд цохилтоор 3 тоолуулж, төгсгөлийн раундад мөн 2 тоолуулж өрсөлдөгчийн дасгалжуулагч татгалзсанаар ялалт байгуулан, хагас шигшээд Швейцарын Ангело Пенатай тоглохоор болов.
- Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр 63 кг-д хагас финалд Унгарын Ричард Ковачтай хүч үзнэ.
- Армийн дэлхийн аварга Баатарсүхийн Чинзориг 63 кг-д медалийн төлөө Германы Давид Гвеоркиантай тоглон ялснаар хагас шигшээд Риогийн олимпын наадмын мөнгө, 2017 оны Хамбургийн дэлхийн аварга францын Оумиха Софианетэй өнөөдөр тулалдахаар боллоо.
- Мөн ОУХМ Баттөмөрийн Мишээлт 69 кг-д медалийн төлөө Словакийн Мариан Мисалког ялж, хагас шигшээд Иорданы Обада Мохаммад Мустафа Алкасбехтэй хүч үзэх бол ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ 75 кг-д эхний даваанд Финландын Абдилрасоон Мухаммадыг, медалийн төлөө Чехийн Бартл Милоштой тулан тус тус ялснаар хагас шигшээд Словак, Испанийн тамирчдын хэн ялсантай нь тулалдах юм.
- Эмэгтэй тамирчдын хувьд ОУХМ Лутсайханы Алтанцэцэг 51 кг-д медалийн төлөө Польшийн Виктория Рогалинскаг ялж, хагас шигшээд Швед, Украины тамирчдын хэн ялсантай хүчээ сорино.
- Харин Оюунцэцэгийн Есүгэн 57 кг-д эхний тулаанд Швейцарийн Сандра Бруггерийг ялж, медалийн төлөө Шведийн Тоур Степаниег мөн ялснаар хагас шигшээд Чехийн Каваждова Катеринатай тулалдахаар болов.