Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим дарга нар өдөөд байна уу? өлсөөд байна уу?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 2 секунд

      Саяхан УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гэрээлэлт, худалдан авах ажиллагааны газрын даргаар томилсон асуудал багагүй шуугиан дэгдээсэн. Тэрбээр “Та төрийн албанд ажиллаж байгаагүй байж ямар шалгуураар энэ албан тушаалд очсон бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “ковидын хуулиа унш” гэж хариулж олны шүүмжлэлийг татаад амжсан. Ингээд удалгүй Б.Энхмөрөн ажлаа өгснөөр хэрэг явдал намжсан билээ.

       Гэтэл НИТХ-ын дарга асан одоогийн НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын захиргаа удирдлагын газрын даргаар томилжээ. Түүний хариуцсан хэлтэс 11 хүнтэй бөгөөд ТЗ9 гэсэн ангилалд хамаарна. Гэтэл Д.Дөлгөөн нь мөн л төрийн албанд ажилласан туршлага байхгүй, хуулийн шалгуур хангахгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Цар тахлын хуулийг мушгин ашиглаж төрийн албаны шалгуур хангахгүй хүмүүсийг өндөр дээд албанд томилох байдал хэрээс хэтэрч эцэстээ үр хүүдүүдээ томилуулж тоглох дээрээ хүрчээ.

     Ингэхэд зарим дарга нар ард түмнийг өдөөд байдаг юм уу? эсвэл өлсөөд байдаг юмуу? Нэг нь хэл амны бай болж хүүхэд нь ажлаа өгөөд удаагүй байтал араас нь өөр нэг хүн хүүхдээ ижил төстэй албанд томилуулж байгаа алхмыг юу гэж тайлбарлах вэ? Шударга ёсыг тогтооно гэж цээжээ дэлддэг эрх баригчид энэ мэт асуудлын хаагуур нь зөрөөд завгүй байдаг юм болоо.

     Улс төрийн албан тушаалтан нь ёс суртахууны хувьд ч хуулийн хувьд ч нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл ашиг сонирхолын зөрчилтэй,  ар араасаа хардлага дагуулахаар албан тушаалд хүүхдүүдээ томилуулаад байдаг нь ямар учиртай юм бэ. Томилуулаагүй юм бол ямар ч хуулийн шалгуур хангахгүй, хорин хэдтэй хонгор хөвгүүдийг хэн томилоод байгаа юм бэ. Тушаал дэвшихэд өчнөөн шалгуур, өрсөлдөөн, хууль дүрэм ярьдаг төрийн албанд тэд яаж тооноор нь орж хойморт нь суугаад байна. Хамгийн хачирхалтай нь бүр худалдан авах ажиллагааны газар дээр шүү. Олон нийтийн шүүмжлэл, хардлага сэрдлэгийг үл тоон хуулийн цоорхойг ашиглан ийм томилгоо хийж байгаа албан тушаалтантай ёс суртахуун, шударга ёсны тухай яриад нэмэргүй л биз ээ.

      Дарга нар хангамж, худалдан авах ажиллагаанд хүүхдүүдээ хутгадаг асуудал үүгээр дуусахгүй. Эрүүл мэндийн болон байгаль орчны сайдаар улиран ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх төрийн худалдан авах ажиллагааны даргаар ажилладаг. Түүнтэй холбоотой авилга, албан тушаалын хэрэг шалгагдаж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан ч удалгүй намжсан. Д.Сарангэрэлийг эрүүл мэндийн сайд байхад түүний хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нь тус яамны 38 орчим тэрбум төгрөгийн тендер шалгаруулах эрхийг Х.Улам-Өрнөхийн удирддаг газарруу шилжүүлсэн байдаг. Мэдээж хэрэг энэ нь хуулийн дагуу шийдсэн асуудал гэж тайлбарлах нь ойлгомжтой. Тэгэхээр сайд Д.Сарангэрэл ЭМЯ-ны 38 тэрбумын тендерийг өөрийнх нь төрсөн хүү шалгаруулах болсныг мэдээгүй. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Өнөболд нь Х.Улам-Өрнөхийн жолооч байсныг ч бас мэдээгүй гэж ойлгох хэрэгтэй. Хэрвээ сайд Д.Сарангэрэл өөрийн хүүгийнхээ жолоочийг хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилоод түүний гарын үсгээр хүүдээ 38 тэрбумын тендер шалгаруулах эрхийг олгуулсан гэвэл гүтгэлэг болох биз. Хуульчлагдсан дүртэй хулгайн мөрийг хууль шүүхийнхэн яаж ч чадахгүй ч олон нийт маш гярхай ажиглаж байгаа гэдгийг тэд ойлгохгүй мэдэхгүй л явна.  

        МАН шударга ёсны хувьсгал эхлүүлээд явж байна гэдэг. Гэтэл энэ мэт ард түмнийг тэнэг гэж үзсэн, басамжилсан, мэдрэмжгүй томилгоонууд хийгдсээр байхад нүдэн балай чихэн дүлий суугаад байгааг юу гэж тайлбарлах вэ.

 О.Цагариг

Монгол Улс 1 сая тутмын ковидын халдвараар дэлхийд тэргүүллээ
Монгол Улс 1 сая тутмын ковидын халдвараар дэлхийд тэргүүллээ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.