Улаанбаатар хотын харьяат иргэн Д нь дөрөвдүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн халдвар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсныхоо дараа Цагаан-овоо сумын нутгаас отроор Батхаан багийн нутаг дэвсгэрт 2-3 малчин өрхөөр оржээ. Ингэхдээ "Хангарьд" дэлгүүр, авто засвар, "Шунхлай" ШТС, үсчин, зэрэг газраар үйлчлүүлсэн байна гэж Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан тус сумын Онцгой комисстой холбогдоход иргэн Д нь Монгол Улсын тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү мөн болохыг баталлаа. Тод манлай уяач Д.Даваахүүг яаралтай түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарч тусгаарласан байна.
Хөлөнбуйр сумын хэмжээнд хавьтлыг илрүүлэх ажил явагдаж байгаа учир өнөө өглөөний 05:00 цагийн сумын Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр дөрөвдүгээр сарын 11-нээс 18-ны өглөөний 06:00 цаг хүртэл долоо хоногийн хугацаанд сумын хэмжээнд тэг зогсолт хийхээр болжээ.