УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөр ажиллуулах шийдвэрийг гаргасантайгаа холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Эрх баригчдийн буруутай шийдвэрүүдийг эсэргүүцсэн олон залуус өчигдөр Сүхбаатарын талбай дээр цугласан. Тэр дундаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гэх залуу хамгийн эхэнд уриалан очсон билээ. Гэвч миний түүнийг зөвлөхөөрөө сонгосон шалтгаан нь өчигдрийн цуглаантай хамааралгүй гэдгийг мэдэгдэж байна.
А.Отгонбаатар гэх залуу нь 10-аад жил эрх баригчдийн бусармаг үйл ажиллагааг шүүмжилсээр ирсэн. Тэр өөрөө надтай холбогдон дарамтанд байгаа тул хамгаалж өгөхийг гуйсан. Түүний хүн чанар, тэмцэгч байдлыг харж үзсэн тул би энэ жагсаал болхоос өмнө түүнийг зөвлөхөөрөө томилох саналаа хүргүүлсэн. Эрх баригчдийн буруутай үйл ажиллагааны эсрэг идэвхитэй тэмцэж байгаа тул түүнийг би хамгаалалтандаа авсан. Харин УИХ-ын Тамгын газар миний захирамжийг ил гаргаж тавьсан. Энэ ямар нэгэн улс төрийн бодлоготой ажил байсан эсэхийг мэдэхгүй юм” хэмээв.