“The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргана. Одоогоор дурсгалын зоосны дээж цөөн тоогоор Монголбанкинд ирсэн байна. Монгол Улсад дурсгалын 600 орчим зоостой бөгөөд сүүлийн үеийн зоос 999 ширхэг хэвлэгдэж байгааг зоос цуглуулагчид дуулгалаа. "Чингис хаан" одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах юм.
Монголбанк нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу дурсгалын зоос захиалан үйлдвэрлүүлдэг. Анхны дурсгалын зоос 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан нэг төгрөгний нэрлэсэн үнэтэй алтан, мөнгөн, никель, гуулин зоос байжээ. Түүнээс хойш түүхэн тэмдэглэлт ой, ховордсон ан амьтад болон бусад онцлох сэдвийн хүрээнд цуврал зоос гаргаад байна.