ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр нийт 13318 хүнд шинжилгээ хийхэд 32 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 1568 боллоо.
Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын 13 хүнээс коронавирусний халдварт өртсөн. Тухайн байрнаас өмнө нь батлагдсан 2 тохиолдол бүртгэгдсэн байсан учраас хоёр дахь удаагаа тусгаарлагдаж байна. Орцонд нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллалаа. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Бусад шинжилгээ тандалт үргэлжлэн хийгдэж байна.
"Монос" эмийн сантай холбоотойгоор тусгаарлагдаж байсан гэр бүлээс улбаатай өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсээс халдвар илэрлээ. Нэгдүгээр төрөхт төрсөн ээжийн гэр бүлийн 5 хүнээс халдвар илэрсэн. Энэ хүрээнд 375 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй.
Баянзүрх дүүргийн ТҮК-ийн зургаан ажилтнаас халдвар илэрсэн.
АТГ-ын нэг ажилтнаас халдвар илэрсэн. Түүний гэр бүлийн хүнээс коронавирус илэрсэн.
Сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрч гэртээ гарсан" гэж мэдэгдлээ.