Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 настай охинтой ярилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 43 секунд

Өсвөр насны охидод зориулан уруул өнгөлөгч, уруулын тэжээл болон уруул гуужуулагч хийж, өөрийн хэрэглэгчидтэй болж чадсан Амгалангийн Гэгээнтэй ярилцлаа. Түүний талаар өнгөрсөн онд “Global press journal”-д, “Монголд өсвөр насныхан гоо сайхны бизнест чөлөөт цагаа зарцуулж байна” гэх мэдээллээр онцолж байсан юм. А.Гэгээн “Үнсье beauty” пэйж хуудсаараа дамжуулан хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ борлуулдаг.

-МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХЭД НАС ХАМААГҮЙ-

-Анхны бизнесээ 10 настайдаа хийж байсан гэсэн. Ямар зүйл хийж байв.

-Намайг 10 настай байхад 2017 онд “Slime” гэдэг тоглоом тренд болж байсан. Хятадаас бүтээгдэхүүн захиалаад slime хийж зарах гэсэн боловч бүтээгүй. Миний хийсэн тоглоомыг хэн ч худалдаж аваагүй. Тиймээс дэлгүүрээ хааж байсан.

-Уруул өнгөлөгч хийж эхлэхэд хүндрэлтэй зүйлс байсан уу? Анхны бүтээгдэхүүнээ гаргаж авсан сэтгэгдлээсээ хуваалцаач.

-Миний хийсэн анхны уруул өнгөлөгч бүтэлгүйтсэн. Интернетээс бичлэг үзээд өөрийн санаагаа нэмээд Гэгээний өөрийн гэсэн жороор уруул өнгөлөгчөө хийгээд амжилттай болсон. Түүнийгээ борлуулдаг. Анхны уруул өнгөлөгчөө хийж дуусаад маш их баяртай байсан. Байгалийн гаралтай түүхий эдээр өөрийн хүссэн загвараар өөрийн хамгийн дуртай зүйлээ хийж бодлоо бодит болгосон маань хамгийн гайхалтай зүйл.

Анх бүтээгдэхүүн хийж эхэлж байхад амжилгүй байх вий гэсэн айдас бага зэрэг байсан. Хүн авах хамаагүй би сайн чанартай бүтээгдэхүүн хийх ёстой.

-Хүмүүс эерэг сөрөг янз бүрээр хандаж байгаа байх.

-Намайг анх уруул өнгөлөгчөө хийж эхлэхэд “13-хан настай хүүхэд чадах юм уу. Ээж нь хийж өгөөд, туслаад байгаа байх” гэсэн комментууд ирдэг байв. Тэр бол худлаа. Би бүгдийг өөрөө хийдэг. Ихэнх хүмүүс сургууль төгсөөд том болохоороо бизнесээ эхлүүлнэ гэдэг. Яг үнэндээ үнэхээр л хүсэж байвал хэдэн настай байсан ч бизнесээ эхлүүлж болно.

-ХҮН АВАХ ХАМААГҮЙ БИ САЙН, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ ЁСТОЙ-

-Бүтээгдэхүүнүүд их чамин хийцтэй юм?

-Миний насны охид яг нүүрээ будаж эхэлж байгаа. Өсвөр насны хүүхдүүд өөрийгөө гангалж, чамин зүйл хэрэглэх дуртай болдог. Бүтээгдэхүүний маань онцлог өсвөр насныхны сонирхолд нийцсэн, охинлог бүтээгдэхүүн хийхэд оршино.

-Гэр бүлийн дэмжлэггүй бол бага насны хүүхэд өөрийн хүссэн зүйлээ хийх хэцүү шүү дээ. Аав, ээж нь бүтээгдэхүүн хийх санааг хэрхэн хүлээж авч дэмжсэн бэ?

-Дээрээ хоёр ахтай айлын бага охин. Дэлгүүр нээх санаагаа гаргаж байхад манай ээж маш их дэмжиж, бүх зардлыг маань даасан. Аав маань ажлынхаа хажуугаар хүргэлтүүдийг хийж өгдөг байсан. Одоо олон захиалга аваад эхэлсэн болохоор хүргэлтийн компанитай хамтарч ажиллаж байгаа.

Захиалгагүй өдөр гэж байдаггүй. Заримдаа шөнийн 2-3 цаг хүртэл сууж захиалгуудаа хийдэг.

-Захиалга өсөхийн хэрээр хариуцлага нэмэгдэнэ. Мөн үйлчлүүлэгчдээсээ урмын үг их сонсдог байх.

-Би “Үнсье beauty пэйждээ өөрийн царайгаа гаргасан пост оруулдаггүй. Би 30 настай байгаад 13-тай гэж хэлээд бүтээгдэхүүн зарж байж болно. Ер нь би хэн ч байж болно шүү дээ. Тэгэхэд надад итгээд, захиалга өгөөд, үйлчлүүлээд намайг дэмждэг хүмүүстээ маш их баярладаг.

Надаас уруул өнгөлөгч авсан бүх хүн баярлаасай гэж хүсдэг болохоор захиалга бүртээ чихэр болоод өөрийн гараар бичсэн урмын үгсийг дагуулж өгдөг.

-БИ УРУУЛ ӨНГӨЛӨГЧИНД ИХ ДУРТАЙ. ТИЙМЭЭС ЯМАРЧ НӨХЦӨЛД ДЭЛГҮҮРЭЭ НЭЭХ БАЙСАН-

-Өөрийнхөө насны охидод зориулсан бүтээгдэхүүн хийхийн давуу тал юу байна вэ?

-Үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь миний насны охид байдаг. Тийм учраас биеийн онцлог, сонирхолд нь нийцсэн бүтээгдэхүүн хийхийг хичээдэг. Тухайлбал, уруулын тэжээлийн тос маань байгалийн гаралтай учраас маш удаан чийгшүүлж уруул хагаралтаас сэргийлж чаддаг. Манай ангийн охины уруул хуурайшиж хагардаг байсан бол гурав хоног хэрэглэхэд маш сайн үр дүн гарсан.

-Шинэ бүтээгдэхүүн гаргах амаргүй байх. Туршилт судалгаа хэр их хийдэг вэ?

-Шинэ бүтээгдэхүүн гаргах бол өөрөө 7-14 хоног туршиж үзээд борлуулдаг. Миний үйлчлүүлэгчид дандаа сэтгэл хангалуун байдаг. Үйлчлүүлэгчдээсээ маш их урмын үг сонсдог.

Бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол ирж байгаагүй харин “түүхий эдээ хаанаас авдаг вэ? заагаад өг бичлэгийнхээ линкийг өгчих, надад үнэгүй хийгээд өгөөч” гэдэг чат их ирдэг.

-БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЭЭД СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БОЛЖ БАЙГАА-

-Уруул өнгөлөгч хийхээс өөр дуртай зүйл байгаа юу?

2017 онд миний төрсөн өдрөөр гэрийхэн маань муур бэлэглэж байсан. Зураг зурах дуртай учраас муураа үргэлж зурдаг. Гэхдээ өөр зургууд ч бий.

-Цаашдаа өөр төрлийн зүйл хийнэ гэж боддог уу?

Уруул өнгөлөгч, уруулын тэжээл болон гуужуулагч гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Цаашдаа чамин хэрэглэл ээмэг, бөгж хийнэ гэж боддог. Судлаад эхэлсэн байгаа. Би төмрийн харшилтай учраас мөнгөн гадаргуутай аль болох биед харшлахгүй зүйлээр хийнэ.

-Өөрийн бүтээгдэхүүнээ гаргаад худалдаалах явцад ямар зүйлсийг сурсан бэ?

-Хүмүүс муухай харьцсан ч гэсэн соёлтой хариулт өгч чаддаг тэвчээртэй, олон туршилт хийдэг учраас бууж өгөхгүй байхыг сурсан. Бизнесээ эхлүүлээд сэтгэлийн хаттай болж чадаж байгаа. Ядарсан байсан ч гэсэн захиалгуудаа бүгдийг нь хийдэг.

 

ТҮЦ, цахилгаан барааны дэлгүүрийг нээхээр боллоо
ТҮЦ, цахилгаан барааны дэлгүүрийг нээхээр боллоо
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.