Т.Бархүү: Дурлалт залуу, эерэг дүрийн санал ирдэг байсан нь өөрчлөгдөөд эсрэг талын дүр их ирдэг болсон. Миний настай холбоотой байх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 38 секунд

“ХТҮЦ” продакшны жүжигчин, СТА Т.Бархүүтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байна?

-Яг одоо “Донна филм”-ийн “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн бэлтгэлд төвлөрч байна. Энэ удаагийн уран бүтээл гаднын найруулагчтай тайзны уран бүтээлд анх удаа ажиллаж байгаа гэдгээрээ онцлогтой. Санĸт-Петербург хотын Театрын аĸадемийг 2023 онд төгссөн найруулагч Шихова Еĸатерина Владимировна гэж найруулагчийн найруулан тавьж байгаа А.Володины “Таван үдэш” зохиолоос сэдэвлэсэн тус жүжиг ирэх дөрөвдүгээр сарын 12-ноос тайзнаа тавигдах гэж байна.

-Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажил, уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Бодож, санасан уран бүтээлүүд байгаа ч тохиромжтой цаг, боломж, нөхцөл нь бүрдэхгүй юм. X TUTS продакшнаараа Сэргээш 4-ийг хийчих юм сан гэж сүүлийн хэдэн жил ярьж байна. Нэг л болж өгөхгүй байна. Манай продакшн чанартай уран бүтээл хийхийн тулд маш сайн бодож боловсруулсан зүйл дээр ажилладаг. Энэ бас нөлөөлж байгаа байх. Мэдээж чанартай бүтээл хийх нь хамгийн чухал. Тиймээс тэвчээртэй хүлээж байна. Гэхдээ заримдаа тэвчээр алдраад "Дайраад зүтгэе. Онгоцноос үсэрчихвэл яаж ийгээд шүхэр олдоно" гэж хэлээд л байгаа. Энд нэг л зүйлийг онцолж хэлмээр байна. Жүжигчин хүний хамгийн ихээр шунаж дурлах уран бүтээл бол сэргээш. Тийм учраас Сэргээш 4-ийг заавал хийнэ. Цаашаа 5, 6 гээд үргэлжлэх эсэхийг харин мэдэхгүй.

-Танд эерэг, сөрөг дүрийн санал аль нь их ирдэг вэ?

-Сүүлийн үед эсрэг талын дүрийн санал их ирдэг болсон. Өмнө нь надад эерэг дүр. Тэр дундаа дурлалт залуугийн дүрийн санал их ирдэг байсан. Сүүлийн үед эсрэгээрээ болсон нь магадгүй настай холбоотой байх. Дэгэж, дэрвэж явах наснаасаа өнгөрсөн учраас эсрэг талын гол дүрийн санал их ирдэг болсон юм болов уу гэж бодож байгаа учраас гутарч, сэтгэлээр унадаггүй. Уран бүтээлчдийн тавьсан саналыг аль болох дэмжихийг хичээдэг. Аливаа бүтээлийг хийнэ гэдэг ямар их хөрөнгө, мөнгө, тэсвэр тэвчээр шаардаж, ямар их зүйлийг туулдаг вэ гэдгийг мэддэг учраас их мөнгө нэхдэггүй. Хэрвээ би гэдэг үүднээс хайрладаг. Тийм учраас надад санал тавьдаг хүмүүс баярладаг байх гэж боддог.

-Хүлээдэг дүрийн санал бий юу?

-Оюутан байхдаа Ромеод тоглохыг хүсдэг байлаа. Уран бүтээлч болсныхоо дараа Чингис хааны дүрд тоглочихвол гэж боддог байсан. Одоо бол тийм зүйл бодогдохоо байсан. Одоо зүгээр л гоё уран бүтээлүүдэд тоглох юм сан л гэж бодогддог болчихдог юм байна билээ. Магадгүй би карьер хөөдөг төрлийн хүн биш байх. Амбицлаад карьер хөөвөл илүү их амжилт гаргах байх. Гэхдээ заавал тийм байх ёстой юм уу. Энэ магадгүй миний мэргэжлээрээ илүү их өсөн дэвших замд сөргөөр нөлөөлдөг байж магадгүй. Гэхдээ амьдрал өөр. Зарим уран бүтээлчид уран бүтээлээ нэгдүгээрт тавьдаг байх. Би бол амьдралаа нэгдүгээрт тавьдаг. Хэрвээ гадаадад гарч холливудын жүжигчин болох юм сан гэж бодсон бол аль хэдийн явчих байсан байх. Санал ч ирж байсан. Гэхдээ би тэнд миний амьдрал байхгүй гэж боддог.

-Гэр бүлээрээ уран бүтээл хийе гэсэн бодол байдаг уу. Солиот эхээс хойш хийгээгүй санагдаж байна?

-Байгаа. X TUTS шинэ уран бүтээл хийхгүй бол энэ зун би өөрөө хийдэг юм уу гэсэн бодол бий. “Буудалд учирсан хоёр”, “Москва нулимсанд дургүй” шиг кино хийж, Одноогоо гол дүрд нь тоглуулаад, кинонд ингэж тоглодог юм гэдгийг харуулахыг хүсдэг. Одноод чадахгүй юм байхгүй. Магадгүй өөрөө найруулаад явчих байх.

-Партнер жүжигчнээр нь өөрийгөө хардаг уу?

-Партнер жүжигчнээр нь өөрийгөө харахаас илүү бидний ухамсарт шууд Аглуу гэдэг хүн орж ирдэг шүү дээ.

-Танд өөрөө кино найруулах бодол байдаг уу?

-X TUTS-ийнхэн найруулагчаар ажилла гээд нэг удаа найруулж үзсэн. Би жүжигчдээ "тамладаг" төрлийн хүн юм болов уу гэж анзаарсан. Уран бүтээлээ сайн болгохыг тулд олон дахин авах нь зөв л дөө. Гэхдээ дараа нь хараад болчихсон байсан ч юм шиг хэсгүүд олон дахин аваад байсан юм шиг санагдсан. Ер нь өөрөө хүсэхгүй байхад дэмий юм болов уу гэж боддог. Хоёрдугаарт Одноо найруулж байхад би заавал найруулаад яах юм гэсэн бодол бас бий. Одноогоос илүү гарч чадахгүй юм байж зүгээр жүжигчнээ эсвэл продюсер хийгээд явж байсан дээр байх. Одноо сайн найруулагч шүү дээ.

-Урлагийн хүн тэр дундаа жүжигчний ажил эмэгтэй хүнд хатуу гэж ярьдаг. Таны хувьд охиноо жүжигчин болно гэвэл дэмжих үү?

-Нэг хэсэг ер нь хэцүү юм байна гэдэг болчихсон байсан. Сүүлийн үед дахиад урлагийн хүн болно гэж ярьдаг болсон байна билээ. Хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг юм аа л хийж амжилт олно. Тиймээс өөрөө чин сэтгэлээсээ хүсвэл мэдээж дэмжинэ.

-Жүжиглэх ур чадварын тал дээр охиноо дүгнээч гэвэл ямар дүн тавих вэ. Таны охины давуу тал юу вэ?

-Маш их дотортой. Хэлж өгсөн зүйлийг хэлсэн хүнээс нь илүү хийх мэдрэмжтэй. Нэг зүйлд шунаад, дурлавал бүх зүрх сэтгэлээ өгөх чадалтай. Ихэнх урлагийн хүнд тогтоогүй зан чанарууд охиноос минь ажиглагддаг учраас сайн жүжигчин болно гэж боддог.

-Ээж, аавын нөлөө байна уу?

-Би гень гэдэг зүйлд итгэдэггүй байсан. Охиноо хараад энэ бодол маань өөрчлөгдсөн. 4-хэн настайдаа 4 жил сурсан төгсөх курсийн оюутан шиг дотортой жүжиглэдэг байсан. Хэн ч заагаагүй байхад чадаад байсан учраас гень удамшдаг гэдэг нь энэ л юм байна гэж бодож эхэлсэн.

ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
 
Г.Дашням: Тусгаар тогтнолын ордонд бараг орж үзээгүй, МАН-ын төлөө үг дуугарч үзээгүй хүмүүс Бага хурлын гишүүн болчихсон ч байх шиг
Г.Дашням: Тусгаар тогтнолын ордонд бараг орж үзээгүй, МАН-ын төлөө үг дуугарч үзээгүй хүмүүс Бага хурлын гишүүн болчихсон ч байх шиг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!