Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар үржил хязгаарлах мэс ажилбарыг энэ оны наймдугаар сард хийж байсан билээ. Тэгвэл нийслэлд эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах, хадгалах байранд аваачих ажлыг энэ сарын 27-ны өдөр эхлүүлэхээр болжээ.
Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийхэд нийслэлд 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан юм. Жилд 100 мянга орчим нохойг устгах төлөвлөгөөтэй ажилладаг байна. Энэ жилийн тухайд 80 мянга нохойг устгасан аж.
Цаашид Амьтны эрхийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн нохой, муурыг буудаж тоо толгойг хязгаарлах аргаас татгалзаж үржил хязгаарлах мэс ажилбарын аргыг нэвтрүүлэхээр болсон бөгөөд 2024 оноос хэрэгжих юм.
Үүнээс гадна Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өнөөдрийн шуурхай зөвөлгөөнөөр шинэ жилийн баярыг угтсан их цэвэрлэгээ зохион байгуулах удирдамж чиглэл, цэвэрлэгээ үйлчилгээний байгуулагуудын халтиргаа гулгааг арилгах талаар хийсэн ажлын гүйцэтгэл, давс бодисны зарцуулалт, шинэ жилийг тэмдэглэх өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулах хуваарийг танилцуулсан байна.